Монголын шилдэг хөөрөг ном

Төрөл жанр: Соёл урлаг, ёс заншил

Хэвлэсэн байгууллага: “Адмон” ХХК Редактор: Н.Жанцан Он: 2009 Нүүрний тоо:  110 Эрхлэн гаргасан:  “Монсудар” Хэвлэлийн газар 

 

 

Худалдаалж буй дэлгүүр: “Интерном” Номын их дэлгүүр Номын танилцуулга:

Хөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүр үзэж байна. Дэлхийнулс орнуудад хөөрөг хэрэглэх ёс заншилд ялгаатай зүйлүүд нилээд бий. Ялангуяа хөөрөг хэрэглэж ирсэн Монгол ёс заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгож байгаа юм.

Хөөрөг бол урлаг, соёл, зан заншил, өв, үнэт эдлэл гэсэн олон ойлголтуудын нэгдэл юм. Хөөргийг нэг талаас чулуугаар хийсэн урлагийн бүтээлийн оргил ч гэж хэлэх нь бий. Учир юунд гэвэл хөөрөг хийхэд бөх бат, гоё ганган хээ хуар бүхий чулууг эрж хайж сонгодог. Тийм ч учраас хөөрөгний үнэ цэнэ нь чулуу сонголт, нарийн хийцээс хамаарч өөр хоорондоо үлэмж ялгаа үүсгэдэг.

Монголчууд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу номин, болор, зэрэг олон чулуугаар эртнээс хөөрөг хийж ирсэн билээ. Бидний хэрэглэж ирсэн Монгол хөөрөгний хийцний тухайд авч үзвэл Манж, Хятад, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг тодорхойлох нь хэн хүний чадах зүйл биш бөгөөд энэ сэдвээр нилээд сайн мэргэшсэн судлаач, цуглуулагчдын ажил юм.

Монголчууд хэзээнээсээ хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгч ирсэн. Хөөрөгний толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаан хүрэн, одтой байвал илүү сайн гэж үздэг. Энэ нь дэлхий дахинд шүрийг үнэлэх үнэлгээтэй таарч байдаг. Сүүлийн үед хөөрөгний толгойг аль болох өндөр, ойролцоогоор амны диаметртэй тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг болоод байгаа. Гэтэл XVIII, XIX зууны үед хийгдсэн хөөрөгний толгой ихэвчлэн хөөрөгний амны диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байсан билээ. XX, XXI зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц нь давамгайлсан байна. Түүнээс үүдэж орчин үед хуучин хөөргөнд өндөр толгой тавих нь түгээмэл болсон байна.

Хөөрөгний хийцийн тухайд авч үзвэл XVIII, XIX зуунд оргил үедээ байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн хөөрөгний үнэ дэлхийн болон Монголын зах зээл дээр давамгайлж байна. Энэ цаг үед дотортой хөөрөг цөөнгүй хийгдэж байжээ. Дотортой хөөрөг гэдэг нь хөөрөгний дотор талын өнгөлгөө яг гадна талтайгаа адилхан өөгүй гөлгөр байхыг хэлдэг. Хөөргийг ийнхүү доторлож байсан нууц одоогийн дархчуудад өвлөгдөж үлдээгүй юм. Мөн хөөрөгний дотрыг яг ижил хэмтэй нимгэн ухдаг. Ямар ч багаж хүрэх боломжгүй хэсэгт ч адилхан ухдаг чулууны хийцийн урлаг харамсалтай нь мөн өнөөгийн дархчуудад өвлөгдөж ирээгүй байна.

Хөөрөг цуглуулагчдын анхдагч зорилго нь түүнийг урлагийн үнэт бүтээл болохынх нь хувьд Цуглуулдаг бөгөөд дэлхийн олон оронд хөөрөг цуглуулагчдын холбоо байдаг, хөөрөг цуглуулагчдын тоогоор Хятад, Тайвань, АНУ-ын цуглуулагчид давамгайлж байна. Гадаадын цуглуулагчид төдийлөн хөөрөгний толгойд анхаарал тавьдаггүй. Тэдний хувьд хөөрөгний толгой ямар байх нь ихэнхдээ хөөрөгний үнэнд нөлөөлдөггүй. Тэд хөөргийг цуглуулахдаа юуны өмнө хөөрөгний нарийн хийц, чулууны өнгөний зохицол, хоёр буюу түүнээс дэзш өнгийг гаргасан байгалийн тогтоц, мөн түүнийг ашиглаж хийсэн сийлбэр, хөөргөн дээр үлдээсэн бичээс, тамга, тэмдэг зэргийг илүүтэй анхаарч ирсэн юм. Хөөрөгний үнэнд нөлөөлөх нэг хүчин зүйл бол чулууны өнгө байдаг. Тухайлбал хар, цагаан хаш, шүр, пийсүү хөөрөгнүүд өнгөнөөсөө хамаарч үнэ нь 10-20 саяар хэлбэлзэх явдал түгээмэл тохиолддог. Жишээ нь яг ижил хэмжээтэй, ижил настай 2 цагаан хаш хөөрөг байхад өнгөнөөсөө хамаарч нэг нь 2 саяар үнэлэгдэж байхад нөгөөдөх нь 25 саяар үнэлэгдэх тохиолдол түгээмэл. Олон улсын зах зээл дээр пийсүү хөөрөг үлэмж үнэ хүрдэг, гэхдээ пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх бөгөөд ногоон пийсүү нь 12 өнгөтэй байна. Өөрөөр хэлбэл 12 өнгийн ногоон байх бөгөөд түүнээс зөвхөн нэг ногоон өнгө нь асар их үнэ хүрдэг. Олон улсын дуудлага худалдаан дээр өнгөний бүх шаардлага, чулууны чанар хангасан нэгэн ногоон пийсүү хөөрөг 150 мянган америк долларын үнэ хүрч байсан удаатай юм.

Монголчуудын тухайд хөөрөг нь мэндлэх хүндлэх ёсны хэрэглэгдэхүүн болж ирсэн. Хөөрөг зөрүүлэх тогтсон олон ёс заншил байдгийг бид бүгд бэлхнээ мэдэх билээ.

Мөн түүнчлэн хөөрөг бол ихэнхдээ өв залгамжлан үлддэг эд хогшил, энэ утгаараа өрх гэрийн нэрийн хуудас болж явсан удаатай. Хөөргөөр нь тэдний хүүхэд байна гэх, хөөргөөр нь тэр ноёны элч болохыг таних тохиолдлууд байсан билээ. Хөөрөгний энэ мэт олон заншлаас улбаалж Монголчуудад хөөрөгний хэрэглээ сүүлийн жилүүдэд улам сэргэж, улмаар үнэ цэнэтэй хөөрөг хэрэглэх, хийлгэх явдал түгээмэл болсон байна.

Монголын шилдэг хөөрөгний энэхүү каталогит Монголын төдийгүй олон улсын хөөрөг судлаачид, цуглуулагчдын шалгуур даах тийм хэмжээний хөөргүүдийг орууллаа. Мэдээж улс орон уудам, ард түмэн баян болохоор бүх шилдэг хөөрөг орсон гэж хэлж чадахгүй ч Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны сүүлийн 10 жилийн судалгаагаар аргагүй анхаарал татсан гол хөөрөгнүүд энэхүү каталогит багтсан болохыг тэмдэглэхэд нэн таатай байна.

Хөөргөөр дамжуулж соёл иргэншил, занзаншил, урлаг, чулууны үнэ цэнэ, байгалийн бүтээлийн хосгүй шинж, уран дарханы тайлагдашгүй ур чадвар зэрэг олон зүйлийг ойлгож мэдэх боломжтой бөлгөө.

Эцэг өвгөдөөс өвлөгдөж үлдсэн урлагийн нандин бүтээл бүхнээ хайрлан хамгаалж, эх Монгол оронд нь байлгахыг та бүхнээс эрхэмлэн хүсье.
å

 

About these ads

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s