Есөн эрдэнийн талаар…

Алт
Манай ард түмэн өнийн эрт цагаас өнөө үе хүртэл өргөн хэрэглэж ирсэн, хэн бүхний сайн мэдэх хольцоо нь үгүй шижир алтыг, 7000 гаруй жилийн өмнөөс бусад металлуудын дотроос ялган таньдаг болж хэрэглэж иржээ. Шижир алтанд мөнгө, зэс, төмрөөс гадна висмут, селен зэрэг металлууд ямар нэг хэмжээгээр агуулагдсан байх тул байгалийн алтны хэр зэрэг цэвэр болохыг Алтны сорьцоор тодорхойлдог. Хэрэв 958 сорьцын алт гэвэл тэр эдлэл буюу дээжний мянган хэсэг тутмаас 958 нь алт, бусад 42 нь өөр металлын хольц гэсэн үг. Ийм сорьцтой алт хамгийн тогтвортой сайн алт бөгөөд манайхны хольцоо нь үгүй шижир гэдэг нь юм. МЭӨ 4-5 -р зууны үед алтыг бусад металлуудаас ялган таних болсон тэр үеэс химийн хувьд цэвэр алтыг гаргаж хэрэглэх болсон. Алт нь олон улсын хоорондын төлбөр тооцооны зүйл, гоёл чимэглэлийн үнэт эд, есөн эрдэнийн нэгэн төдий бус орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүр, пуужин, цөмийн реактор, дуунаас хурдан онгоцны эд ангийг хийхэд оролцдог техникийн үнэт металл болоод байгаа билээ.

Мөнгө
Эрт дээр үеэс монголчуудын өргөн дэлгэр хэрэглэж ирсэн металлуудын нэг бол мөнгө билээ. Мөнгөөр хэт хутга, эмээл хазаар, суран бүсээ чимэглэж, мөнгөн аяга, завъяа, бөгж, ээмэг, мөнгөн эдлэл хийж хэрэглэж иржээ. Мөнгө нь хамгийн сайн давтагддаг, удаан эдэлгээтэй металл юм. Цэвэр мөнгө нь ариутгах шинж чанартай учраас халбага, сэрээг цэвэр мөнгөөр хийдэг байжээ. Мөнгө ердийн нөхцөлд бүү хэл өндөр температурт, мөн шүлтийн дотор байсан ч исэлддэггүй, энэ гайхамшигт чанараараа эрхэм металл эрдэнэ болсон. Цэвэр мөнгө байгаль дээр дангаараа талст кристалл байдалтай тохиолдохоос гадна адил төсөөтэй структур бүхий металлуудтай хатуу уусгамал үүсгэн тохиолдоно. Мөн хүдэр болон ашиглагддаг мөнгө агуулсан бусад эрдсүүд байдаг байна. Мөнгөний хүдрээс цэвэр мөнгийг электролизын аргаар ялгана.

Шүр
Хүн төрөлхтөн шүрийг балар эрт үеэс мэдэж, ашиглаж ирсэн түүхтэй. Швейцарт 10000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үеийн чимэг олдсон ба Египэд оронд 4000-3000 жилийн тэртээ үеийн шүрэн эдлэл олдсон байна. Монголчууд эртнээс улаан шүрийг эрхэмлэн сонирхож зүүлт, маанийн эрэх, хөөрөгний толгой, гоёлын зүйл, үсний даруулгын шигтгээ, сувс зэрэг янз бүрийн чимэглэлд хэрэглэсээр иржээ Шүр нь зөвхөн далайн усанд байдаг. Шүр нь маш олон янз байдаг бөгөөд, одоо амьдарч байгаа шүрийн 6000 гаруй дүрс судлагдсан байна. Хамгийн их шүртэй газар нь Австрал тивийн зүүн хойд хэсэгт залгаа орших шүрэн тэнгэс юм.

Сувд
Монголчууд зөөлөн цайвар мөнгөлөг цагаан өнгийн сувдыг гүнээ хүндлэн ихээр хэрэглэж ирсэн уламжлалтай. Сайн чанарын сувд бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хөндлөнгөөрөө 1-2 мм-ээс эхлээд 1,0 см хүртэл том байна. Сувднаас хамгийн үнэтэй нь монголчуудын сонирхон хэрэглэдэг мөнгөлөг цагаан өнгийн Дорно дахины сувд юм. Өндөр хөгжилтэй орнуудад сувдыг нэлээд боловсронгуй аргаар барих болсон. Хясааг усны гүнээс гаргаж аваад рентген туяагаар харж сувд дотор нь байгааг шууд тогтоож чаддаг болсон ба сувдгүйг нь буцааж усанд тавьдаг.

Оюу
Дорно дахины улс түмний эрхэмлэдэг гоёл эрдэнийн нэг нь оюу билээ. Хэзээ ч хүний оюун ухаан, гар хөл үл хүрэх цэлмэг тэнгэр тунгалаг хаяаг санагдуулдаг оюу эрдэнийг эрт дээр үеэс хүмүүс ихэд сонирхон хамгийн нандин гоёл чимэглэлээ хийж ирсэн юм. Оюу эрдэнийг эмэгтэй хүний гоёл чимэглэлийн зүйл болгон хэрэглэх ба эрэгтэй хүн биендээ зүүдэггүй, хэрэглэх эд зүйлсдээ суулгах зэргээр чимэглэл хийдэг ёсон бий. Оюу нь дотроо үндсэн 2 төрөл байна. Үүнд нэг нь тод сайхан цагаан цэнхэр буюу цэлмэг тэнгэрийн өнгөтэй цэгээн оюу, нөгөөх нь нэлээд зөөлөн цулгай ногоон өнгөтэй оюу юм. Одоогоос 3000 жилийн өмнө анхны оюу олдсон гэдэг.

Номин Цэлмэг гүн хөх тэнгэрийн өнгөтэй энэхүү чулуу нь 7000 жилийн түүхтэй бөгөөд, үеэс үед хүн бүхний сонирхлыг татсаар ирсэн билээ. Номин эрдэний орд маш ховор байдаг. Номингийн эртнээс мэдэгдсэн ганц орд нь Афганистаны Бадахшаны орд юм. Номин хэмээх энэхүү гайхамшигт чулууг хүмүүс ихэд сонирхон эрхэм дээд тэнгэрийн хүчийг шингээсэн хэмээн бишрэн шүтэж иржээ. Номингоор хийсэн урлаг сийлбэрийн хамгийн алдарт бүтээлийн нэг болох, 1845 онд Уралын чулуучин Г.Налимов гэгч хүний урласан том номин ваар одоо Ленинград хотноо Эрмитажын эрдэнэсийн үзмэр санд хадгалагдаж байна. Манай оронд номин эрдэнийн орд олдоогүй байгаа.

Тана
Тана нь далай тэнгэсийн эрэг орчмын усанд юмуу цэнгэг устай гол мөрний урсгал зөөлөн усанд амьдардаг нялцгай биетэн амьтны биеэ хамгаалах хуяг дуулга болох гадагшаа гүдгэр зууван дугариг хэлбэртэй бас нээгдэж хаагддаг нугас бүхий хоёр тал хавтасны дотор талын өнгөн үе нь юм. Тана эрдэнээр товч, наамал шигтгээ, зүүмэл зураг дүр, хөндий сийлбэр, гоёл чимэглэлийн зүйл, ширээний тавилга, ханын зүүлт мэтийг урлан хийж ирсэн түүхтэй.18-р зууны сүүл үеэс танаар хөндий сийлбэртэй урлагийн бүтээл хийх болсон явдал танын урлагийн хөгжлийн дээд хэлбэр болсон. Монголчууд таныг хиргүй ариуны билэгдэл болгон танан цагаан өнгийг эрхэмлэн хүндэтгэдэг заншилтай билээ.

Зэс
Зэсийг хүн төрөлхтөн 7000 жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн ба сүүлийн үеийн үйлдвэр, техникийн бүхий л салбарт өргөн ашиглагдах болсон үнэхээр чухал эрдэнийн нэг билээ. Монголчууд есөн эрдэний нэг болох зэсийг эрт дээр үеэс эрхэмлэн хүндэтгэж, гоёл чимэглэлээ хийж ахуй амьдралдаа хэрэглэж, судар номоо туурвиж байсан, түүх соёлын гоёмсог, тансаг сайхан дурсгалууд манай орны музейн үзмэрт тавигдсан байдаг. Зэс хуваагдалгүй. Хагарал нь өргөслөг, сунах давтагдах чанар сайн, уян хатан онцгой хурц металл гялбаатай зөөлөн металл. Цахилгаан дамжуулахдаа сайн. Аранжин зэс 1083 градуст хайлдаг. Дулаан дамжуулалтаараа мөнгийг гүйцэхгүй боловч бусад металлаас илүү.

Төмөр
Хүн төрөлхтөн төмөр зэвсгийн үеэс төмрийг ашигладаг болж, улмаар түүний гайхамшигт шинж чанарыг танин мэдэж оюун ухааныхаа хүчээр төмрийн хүдрээс ган болд гарган авдаг болжээ. Ган болд нь хүнд үйлдвэрийн олон салбар, аливаа техникийн хөгжих үндсэн тулгуур болдог. Дэлхийн чулуулаг бүрхүүлд цэвэр төмрийн хуримтлал байдаг болохыг анх 1852 онд Т.Эндрюс, Ирланд нутгийн галт уулын бялхмал чулуулгийг нунтаглан байвангийн уусмалд хийхэд аранжин зэс ялгаран тунаж байсанд үндэслэн энэхүү ангижруулагч зүйл бол цэвэр төмөр мөн гэж баталжээ. Төмрийг тохиолдох байдлаар нь газрын буюу дэлхийн чулуулаг бүрхүүлийн, сансрын буюу сарны солирын төмөр гэж ангилдаг. Байгаль дээр тохиолддог төмрийг найрлагын хувьд нь феррит, аваруит, октибегит, жозефинит, суэзит, бобровкит, катаринит гэх мэт төрлүүдэд хуваадаг байна. Цэвэр төмөр нь сунах давтагдах чанар сайтай, металл гялбаатай, саарал өнгөтэй. Мөнгөлөг цагаан ч байдаг. Монголчууд төмрийг эрхэмлэн есөн эрдэнийхээ нэгэн болгон, ахуй амьдрал, гоёл чимэглэл, хөдөлмөрийн багаж зэвсгээ хийж, хүдэр болоод ордыг нь танин олж ашиглаж ирсэн түүхтэй.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s