Дамбийжаагийн харлаг манан хөөрөг хагас тэрбум

Сүүлийн үед хөөрөгний үнэ цэнэ өсч, нэртэй улс төрчид, бэлтэй баячууд үе дамжин хадгалагдсан үнэт чулуун хөөргөөр гангарах болжээ. Энэ талаар манай сурвалжлагч “Цэцэн хан судлалын төв”-ийн захирал Л.Хүрэлбаатартай уулзлаа.

– Хөөргийг судладаг, цуглуулдаг хүмүүс Монголд хэр олон байдаг юм вэ?

– Хөөрөгний тухай гарсан ганц л ном байдаг юм билээ. Хөөрөгний гарал үүслийн талаар судалгаа хийсэн хүн бараг байдаггүй. Би бол хөөрөг цуглуулагч биш. Сонирхогч төдий л хүн. Миний эмээ ээж “Уран” Хорлоо гэдэг хүн байсан юм. Түүний хэнд зориулсан нь мэдэгдэхгүй маш уран сайхан хийцтэй хөөрөгний даалинг би үе дамжуулан хадгалж байгаа. XIX зууны сүүлээр хийгдсэн энэ даалин Монголдоо цор ганц, онцгой даалин.  Аймгийн музей, улсын музей авья гэсэн, би өгөөгүй. Хээ угалз, шаглаа үнэхээр өвөрмөц. Миний охин Х.Нандин-Эрдэнэ Монголын түүх судлаач хүн. Хөөрөгний тухай ном гаргасан юм. Энэ бүхэн намайг хөөрөг судлахад нөлөөлсөн хэрэг.

 

– Монголд хөөрөгний цуглуулгатай хүн хэр олон байдаг юм бэ?

 

– Яг цуглуулдаг хүн бол цөөхөн. Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Жанцан байна. Их сайхан хөөрөгтэй. Тэр ч бүү хэл долоо хоногт долоон өөр хөөрөг ээлжилж барьдаг гэж ярьдаг юм билээ. Сайхан, сайхан хөөрөгтэй хүмүүс бий. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж сайн хөөрөгтэй. 2000 оны эхээр “Халхын 10 цагаан” нэртэй 10 хаш хөөрөг шалгаруулсан юм. Дархан аварга Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, З.Ганболд  начин гээд олон хүн хөөргөө дэлгэж үзүүлсэн. Тэр хөөрөгний тал нь жинхэнэ хаш хөөрөг, бусад нь дээр үеэс уламжлагдаж ирсэн хөөрөгнүүд байлаа. Хаш гэдэг чулуу удах тусмаа өнгө ордог. Газрын гүнээс гаргаж авсан хашаар хийсэн хөөрөг үнэтэйд тооцогдож байна.

– Тэгвэл хамгийн үнэтэй хөөрөгтэй хүмүүс?

– Сүүлийн үед хөөрөгний үнэ 50 сая хүртэл өсчихөөд байна. Хамгийн гол нь хөөрөг маань үнэт эдлэл. Тиймээс энэ тэр тийм хөөрөгтэй гэж зарлаад байж болохгүй л дээ. Хаш, гартаам, шүр, чүнчигноров хөөрөгнүүд 50 сая хүрч байгаа. дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Даваахүү уяач эд нарын хаш хөөрөг их үнэтэй эд. “Анод” банкны захирал Гүрранзын хөөрөг, талийгаач Ш.Отгонбилэгийн шүрэн хөөрөг Монголдоо хамгийн үнэтэй гэгдэж байсан.

– Үе дамжуулан хадгалагдсан үнэтэй хөөрөгнүүд хаана бий вэ? Ихэнхийг нь гадагшаа гарчихсан байж магадгүй гэж ярьдаг юм билээ?

– Манайхан нэг хэсэг хөөрөг сонирохохоо болиход, гаднын наймаачдын гар дамжиж алга болсон юмнууд бий.  Халхын То вангийн хөөрөг одоо Дорнод аймагт бий. То ванг хил давах гэж байхад дагалдагч лам нь “Гадаад оронд үнэтэй юм авч яваад яахав. Үлдээе” гээд хөөргөө орхиод явсан гэдэг юм. Энэ хөөргийг одоо хүртэл үе дамжуулан хадгалж байгаа. Үе дамжин уламжлагдсан хөөрөгний үнэ цэнэ улам бүр өсдөг. Галшарын өвгөн ноён Пүрэвжавын хөөрөг Хэнтий аймагт байгаа. Бүр гэрчилгээжүүлж, баталгаажуулаад хадгалчихсан байдаг юм. Чин ван Н.Ханддоржийн чун гартаам хөөрөг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлд, Богдын хатан Дондогдуламын хөөрөг О.Чулуунбат захиралд, Манлай баатар Дамдинсүрэнгийн халтар манан хөөрөг их аварга Д.Дагвадоржид байгаа. Богд хааныг хаан ширээнд залагдсаны дараа Манжийн хаанаас бэлгэнд ирж байсан дөрвөлжин, дөрвөн талдаа бичигтэй хаш хөөрөг Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйн Содном гэдэг хүнд байсан.  Одоо үр хүүхдэд нь  байгаа байх. Егүзэр хутагтын хөөрөг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бий. Увсын Эргэл баян гэж асар баян хүний эдлэж хэрэглэж явсан хөөрөг Баянхонгор аймагт байна. Сүүлийн үед хөөрөг сонирхогчид олширсон учраас үнийг нь асар их хөөрөгдөж, Хятадаас манан хөөрөг гэхэд л хэдэн арваар нь аваад ирэх юм. Сүүлийн үед хуурамч хөөрөг олшроод байна.

– Манайхан хөөргийг зөвхөн гоёл төдий л ойлгоод байгаа. Уг нь өөрт ээлтэй чулуу, хэрэгтэй эрдэнээр  хөөрөг хийж барих ёстой юу?

– Манай монголчууд эрдэнийн чулууг үнэхээр сайн таньдаг, мэддэг байсан ард түмэн. Мана гэхэд л 36 төрөл, хаш 7 төрөл байгаа. Эрдэнийн чулуун хөөрөг хүнд ээлтэй байх тусмаа сайн. Сүйжин хөөрөгтэй хүн ямар ч говьд явсан хатаж үхдэггүй гэдэг. Дэрлээд хэвтэхэд хүний биед чийг өгч байдаг юм. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээж байдаг.

– Хамгийн үнэтэй чулуун хөөрөг нь юу  вэ?

– Шүрэн хөөрөг үнэтэй байгаа. Гэхдээ шүр маань чулуу биш шүү дээ.

– Монголын хамгийн үнэтэй хөөрөг ямар хөөрөг байна вэ?

– Жа ламын эдэлж байсан харлаг манан хөөрөг. Юм их чанга байх үед гурван саяар үнэлж байсан. Одоо бол бараг тэрбум төгрөг хүрэх байх.

– Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: http://www.shudarga.mn/?dazo=news&catid=4&newsid=328

Нийтлэгдэж байсан огноо: 2010 оны 04 сарын 10 өдөр

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s