Дилав хутагтын хөөрөг “Эрэл”-ийн Эрдэнэбатад

Монгол түмний их шүтээн болсон, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Баашлуугийн Жамсранжавын нандигнаж явсан хөөрөг цагийн саалтаар он жил алгуурласаар Хөвсгөл нутгийн хүү, УИХ-ын гишүүн (2004 оны сонгуулийн) Бадарчийн Эрдэнэбатад уламжлагдан ирж хадгалагдсан нь сонин. Их хүний үнэт эдлэл хэр баргийн нэгэнд очдог ч юм биш. 1990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байх Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан (Өмнөговь аймгийн уугуул) Чойжамц ламтанг хүлээн авч Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг зууны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ” гэж онцлон хэлж байжээ. Энэ хоёр хөөрөг, даалин Монгол эх орондоо очоод буцаад хилийн дээс давах учиргүйг сануулжээ. Ингээд Д .Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд уг хөөргийг дуулсан томоохон эрхтэн дархтанууд өгнө үү хэмээн хүсэмжилсэн ч өгсөнгүй. Харин тэдгээрээс нүдэнд туссан аргагүй л найдвартай гэхээр идэрхэн эрийг сонгов. Тэр нь Хөвсгөл аймгийн уугуул, хуучнаар Далай Чойнхор вангийн харъяаных гэх Бадарчийн Эрдэнэбат. Түүнийг онцолж түүнд итгэл өгч түүхт шүрэн хөөрөг болоод хаш хөөргийг өвлүүлэн өгчээ. Харваас цоглог энэ эр л хөөрөг даалинг хадгална гэж итгэжээ. Дилав хутагт Б.Жамсранжав Засагт хан аймгийн Загдсамбарын хошуу, өдгөөгийн Нөмрөг сумын Ойгон нуурын орчим төржүхүй. Дилав хутагт төв орох насандаа (1887) Дээрхийн гэгээнтний алтан бумбанд нэр шингэж Дэмчиг (Дамчуг) бурхны бүрэлбаа, Дилав хутагтын хувилсан дүр мөн хэмээн тэр цагийн Норовванчин хийдэд шавилан суужээ. Тэрбээр тавтайдаа бандийн сахил авч, долоотойдоо равшун сахил, хорин тавтайдаа цорж, хорин ёстэйдээ Самади багш цол хүртжүхүй. Жамсранжав хутагт өмнөд хязгаар хийгээд Тагна Урианхайг илбэн тохижуулахад Хатанбаатар Магсаржавын цэргийн да ламаар явж байв. 1923 онд Улиастайн сайдаар тохоон томилогдон ажиллаж байв. Хутагт тухайн үеийн төрийн бодлогыг дэмжиж, улсын чанартай олон байгууллага салбарт өөрийн хөрөнгөнөөс хандив өгч байв. 1931 онд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хилийн чанадад гарчээ. Хятадад байхдаа Чан Кай Ши-н дэргэд зургаан жил зөвлөх хийхдээ Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимортой хамтран ажиллаж байв. 1961 онд Америкт байхад нь Монгол улс НҮБ-ын гишүүнээр элсэхэд туйлын ихээр баярлаж, НҮБ-ын тэнгэрт мандсан алтан соёмбот Монголын далбааг ширтэн харж байв. Тэгэхэд Монголдоо буцаж очихсон гэдэг сэтгэл хөдөлж байв. Цагийн байдал зөөлөрч, наашилсан ч ирэхийг төдий л төвдсөнгүй. Гэвч НҮБ-д суусан Монголын байнгын төлөөлөгчтэй уулзаж, олон жил нутаг сэлгэн амьдарч байхдаа бие сэтгэлийн зовлонг цадталаа амсч бас ч харь орондоо зураг төөргийн хувь заяагаар хийж бүтээснээ ярьж, дотор сэтгэлээ цэлмээн онгойлгож байлаа. Тэрбээр 1965 онд 82 насандаа жанч халав. Их хутагтын нэгэн адил нэр цуутай нэгэн бол Хөндлөн ноён, Далай Чойнхор ван гэж бий. Хангайн нурууны салбар газар сүрлэг нэгэн хөшөө бий. Энэ 200 гаруй жилийн түүхтэй, Далай Чойнхор вангийн хошууны Хөндлөн ноёны хөшөө тэр ажээ. Тэрхүү ноёны отго жинс өдгөө мөнөөхөн цоглог хүдэр эр Бадарчийн Эрдэнэбатад бий гэнэ. Хөндлөн ноёны отго жинс Далай Чойнхор вангийн сүүлчийн дүр ноён Цэдэнсодномоос уламжлан ургийн хүндээ хүрчээ. XX зууны эхээр амьдарч байсан сүүлийн ноён Цэдэнсодном өгөх хүндээ ч юмаа харамгүй өгдөг нэгэн байжээ. Нэг жишээг хэлэхэд шарын шир цуу татаж байсан босоо Шагдар гэгч бөхөд хайртай өндөр хээр морио амласан ёсоор өгчихөж байжээ. Далай Чойнхор ван өдгөө амьд сэрүүнсэн бол ургийнхаа Хөндлөн ноёны отгон жинсийг итгэлтэй нэгэнд өгч хадгалуулах байх даа. Гэвч тэр отго жинс уламжилсаар мөнөөхөн азтай эр Б.Эрдэнэбатад ногджээ.

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s