Хаш хөөрөг 80 сая төгрөгийн үнэтэй бай

Эртний эдлэл цуглуулагчдын холбооноос сар шинийн баярыг тохиолдуулан эртний эдлэлийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна. “Уран дархчуудын эртний болон орчин үеийн үнэт эдлэл, гоёл чимэглэлийн худалдаа” нэртэй үзэсгэлэн, худалдаанд хөөрөг, мөнгөн аяга, алтан аяга, монгол гутал, мөнгөн сав суулга, бурхан, хэт хутга, эмээл зэргийг дэлгэн тавьсан байв. Хөөрөг хамгийн олон сонголттой буюу хаш, мана, шүр, номин, гартааман 50 гаруй хөөрөг худалдаалж байсан. Үнийн хувьд чулуу, цаг хугацаа, ур хийцээсээ шалтгаалан 2-80 сая төгрөгийн үнэтэй ажээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаа Улаанбаатарын зах зээл дээр худалдаалагдаж байгаа хамгийн чанартай хөөрөгнүүдийг нэг дор цуглуулж байгаагаараа онцлогтой гэсэн.

Мөнгөн аяганы хувьд ихэнх нь “Хос бажраа” уран дархны газрын дархцуулын урласан аяга ажээ. Уламжлалт хийцээр, орчин үеийн дархцуулын хийсэн аяганы хамгийн үнэтэй нь таван сая төгрөг байсан. Харин хүрэн зандангийн үндсээр хийсэн, үндсэн идээний мөнгөн таваг 25 сая төгрөгөөр үнэлэгджээ. Хэдийгээр эртний эдлэл биш ч гэсэн эртний ур хийцийг дуурайлган хийсэн учраас үнэд хүрдэг ажээ. Мөн монгол дархны зэсэн дээр мөнгөөр товойлгон урласан сангийн бойпор 15 сая төгрөг гэсэн. Эртний эдлэл түүхийн баримт болж үлддэг. Уг үзэсгэлэнд Х.Чойбалсангийн Засгийн газрын үеийн буюу 1950-иад онд мянган малтай малчинд төрийн зүгээс дурсгадаг байсан “1000 мал” гэж мөнгөөр товойлгон бичсэн зэс сав, мөнгөн самбар, мөнгөөр урласан хонь байлаа. Үнэ нь 15 сая төгрөг хүрнэ гэв.

Уг үзэсгэлэнгийн санаачлагчдын нэг “Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо”-ны гишүүн А.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Үзэсгэлэнд түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйл бий юу?

-Түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйл байхгүй. Тэртээ 300 гаруй жилийн өмнө Хотгойдын шадар ван Чингүнжавын хүүд дурсгал болгон бэлэглэж байсан хүүхдийн хэт хутга байгаа. Уг хутгыг Хөвсгөл аймгийн Галт сумаас олж авсан. Хэт хутга монгол эрчүүдийн уламжлалт хэрэглээний нэг.

-Хөөрөгний хувьд хамгийн эртнийх нь ямар хөөрөг байна вэ?

-XVII, XVIII зууны үеийн хөөрөгнүүд байгаа. Ер нь энэ үеэс монголчуудын хөөрөгний хэрэглээ нэмэгдсэн юм билээ. Манай үзэсгэлэнд дээрх зууны үеийн хэд хэдэн хөөрөг худалдаалагдаж байна. Ер нь хамгийн сайн чулуутай, ур хийц сайтай хөөрөг бий. Хаш хөөрөг гэхэд маш цэвэрхэн, цагаан өнгөтэй, зураасгүй, хагаралгүй, толбо, цэггүй, дээр нь чулууны нягтрал сайтай байвал өндөр үнэ хүрдэг. Нуух, толгой үнэд нөлөөлөх ч гангараанд илүүтэй тооцогддог. Манан хөөрөг олон төрлийн өнгө агуулсан, чулууны өвөрмөц тогтоцтой байвал үнэтэй.

-Жанрайсиг бурхныг худалдахгүй гэсэн. Он цаг, ур хийцийг нь сонирхуулахгүй юу?

-Жанрайсиг бурхныг монголчууд эртнээс шүтэж ирсэн. Худалдахгүй ч гэлээ хүмүүст сонирхуулж байгаа энэ бурхан 1700-гаад оны үед урласан алтан шармал бурхан. Харин XVIII зууны үеийн Аюуш бурхныг худалдаж байгаа. Долнуур хийцийнх юм. Өвөр Монголын Долнуураас авчирсан, алтан шармал бурхныг 16 сая төгрөгөөр үнэлж байгаа.

-Эртний эдлэл хэр олдоцтой байдаг вэ. Мөн сонирхох хүмүүс элбэг үү?

-Олдоцын хувьд гайгүй боломжийн байдаг. Ер нь бараг элбэг талдаа шүү. Харин цуглуулж, сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хүмүүс мөнгөн аяга, хөөрөгнөөс бусдыг нь эдэлж хэрэглээд байхгүй ч гэртээ сувинер болгон тавихаар, цуглуулганыхаа тоог нэмэхээр худалдаж авдаг. Ер нь болсон болоогүй хуурамч сувинераас татгалзаж, нүнжигтэй эд сонирхогчид олон болсон байна лээ.

-Үзэсгэлэнгийн эхний өдөр худалдаа хийсэн үү. Хичнээн хүн сонирхоод байгаа вэ?

-Одоогоор 100-аад хүн үзэж сонирхсон. Хүмүүс хөөрөг, мөнгөн аяга худалдан авч байна.

Үзэсгэлэнд мөн монгол гутал, эмээл тавьсан байв. Эмээл нь XX зууны Дарьганга, Боржигон хийцтэй гэсэн. Харин монгол гутал нь 32 угалзтай, оймсны түрийг нь харлаг зүү ороож хатгасан, XIX зууны булигаараар урласан гутал ажээ. Энэхүү гутлыг жилд хоёрхон ширхгийг урладаг ба төрийн томчууд, том цолтой бөх нар захиалгаар хийлгэдэг гэсэн. Үнэ таван сая төгрөг гэж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Сэтгэгдэлүүд

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s