“Нарантуул” зах дээр хамгийн үнэтэй хөөрөг 50 сая төгрөг байна

Монголын үндэсний баяр болох цагаан сар болоход хэдхэн хоног үлдээд байна. Хүн бүр цагаан сарын бэлтгэлээ базааж, бууз банш, боов боорцгоо цуглуулж байна. Зөвхөн идэж уух зүйлээс гадна гоёж гангарах, эдэлж хэрэглэх зүйлсээ цагаан сар дайруулж шинэчилдэг нь Монголын ёс болсон гэхэд болно. Тэр дэг ёсны салшгүй нэг хэсэг бол үнэтэй хөөрөг. Эрт дээр цагаас монголчууд хөөрөг зөрүүлж мэнд усаа мэдэлцдэг байсан.

Тэр ч бүү хэл монгол эрчүүд үе дамжин ирсэн үнэт чулуун хөөргийг өндөр үнээр худалдаж авч, гангараа болгон гайхуулж байсан тухай ч яриа байдаг. Харин социализмын үед хөөрөг хэнд ч хэрэггүй болж, хүүхдийн тоглоомоос хэтрэхгүй болох шахаж байсан гэдэг. Харин сүүлийн үед хүмүүс цагаан сар, наадмаар хөөрөг даалин хэрэглэж, монгол ёсоор мэнд мэдэлцэхийг эрмэлзэх болсон нь мэдрэгдэх болсон. Энэ жил хөөрөгний эрэлт хэрэгцээ бүр ч их байгаа сургаар манай сурвалжлах хэсэг хөөрөгний үнэ өртөг ямар байгааг сураглалаа. Хөөрөг аваарай, хөөрөг аваарай Хамгийн түрүүнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

Нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байдаг гэгддэг энэ их хөлийн газар хөөрөг төрөл бүрээрээ байх нь мэдээж шүү дээ. Тийм ч учраас “Нарантуул” эхний сонголт байсан юм. Захын зүүн хойд талын хаалгаар орж, цахилгаан барааны павильоны хажууд ирэх үед “хөөрөг даалингаа аваарай, хөөрөг аваарай” гэх зүсэн зүйлийн дуу хадаж байлаа. Бараг л наймаачин болгон нэг лангуу тавьж, төрөл бүрийн хөөрөг өржээ. Хүрэн, ногоон, цагаанаас эхлээд чулуун, шаазан, хуван, мөнгөн, том, жижиг гээд янз бүрээрээ өрөөстэй байна. Бүгд алт, мөнгөн нуухтай, шүрэн толгойтой харагдсан. Ирсэн зорилгоо биелүүлэхээр эхний лангуунаас л “Хөөрөг ямар үнэтэй байна” гэж асуутал “20-150 мянгын хооронд байна. Хамгийн том нь 150 мянган. Дунд зэргийн хөөрөг нь 80 мянга. Алийг нь авах гэсэн юм. Манай хөөрөгнүүд бүгдээрээ чулуу. Энэ хүрэн нь халтар мана” гээд л иж бүрнээр тайлбарлаж өглөө.

Бүгд л чулуун хөөрөг гэж амаа уралдуулж, магтах юм. Уг нь учир мэдэх хүмүүс алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг шаггүй үнэтэй байдаг гэж ярьдагсан. Гэтэл энд захын хүн худалдаад авчихмаар хямдхан байсанд нь бага зэрэг гайхаад цаашаа хэд хэдэн лангуунаас асууж үзэв. Бүгд л адилхан үнэтэй, адил хийцтэй юм байна. Өөр нэг лангуун дээр хув хөөрөгнүүд өрөөстэй байна аа. Таван настай хүүхэд л барьж болмоор жижиг хөөрөг даалинтайгаа 2500, арай томхон нь 4500 төгрөг гэж байна. Эндээс харахад хөөрөг хүүхдийн тоглоом болох шахсан юм шиг санагдсан. Өөр нэг лангуун дээр цав цагаан хөөрөг 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Зөөлөн чулуугаар хийсэн хөөрөг юм байх. Тэр лангууны худалдагчаас энд байгаа бүх лангуун дээр ядаж ганц чулуун хөөрөг байгаа эсэхийг битүүхэн тандлаа. Харамсалтай нь тэнд нэг ч жинхэнэ чулуун хөөрөг байхгүй гэнэ. Бүгд Хятадын дуураймал.

Бид ядаж ганц нэг чулуун хөөрөг байгаа болов уу гэж бодсон нь хол эндүүрэл байжээ. Хятадууд ч манайханд зориулж хийхгүй юмгүй болжээ. Одоо ч хөөрөг даалин, хамрын тамхитай нь худалдаж авахад 30 мянган төгрөг л байхад хангалттай болсон байна. Үгүй ээ, ёс төрөө бодож, тамхилах л зорилгоор хөөрөг хэрэглэх гэж байгаа бол тийм үнэтэй эдээр ч юугаа хийх вэ дээ. 500 мянга байна уу, 50 мянга байна уу, хөөрөг зөрүүлэх л юм хойно. Жинхэнэ чулуун хөөрөг үнэт эдлэлд тооцогдоно Ихэнх хүн бусадтай ёс төртэй мэндлэх, цагаан сарын ёсыг дагах гэж урд хөршийн бидэнд бэлдсэн хөөргийг худалдаж авахын оронд үнэт эдлэл хэрэглэх сонирхолтой цөөнгүй хүмүүс бий. Тэр дундаа жинхэнэ үнэт чулуугаар хийсэн шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай хөөрөг гэдэг эр хүний гайхуулж байх эдийн л нэг.

Тийм хөөрөг ч “Нарантуул” захад байна аа, бас. Цахилгаан барааны павильон доторх үнэт эдлэл борлуулагчдад л ховор ховор хөөрөг байдаг аж. Үүдээр нь ороод эхний лангуун дээр байгаа хөөргийг харахад Хятадын хулхи чулуун хөөрөгнөөс илт өөр болох нь анзаарагдаж байсан. Цагаан цамцан дээр алтан тольтой ширэн бүс зүүсэн бүдүүн эрээс хөөрөг хэдэн төгрөгөөр зарж байгааг асуухад 3.5 саяас дээшээ гэж ихэмсгээр хэлэв. Бид цааш нь лавшруулж, хамгийн үнэтэй нь хэд вэ гэвэл 25 саяд өгнө гэж байлаа. Тэр нь шүрэн толгойтой, алтан нуухтай, цагаан манан хөөрөг аж. Бусад лангуун дээр ч гэсэн хамгийн багадаа л 1.5 саяас дээш үнэтэй янз бүрийн чулуун хөөрөг өрөөстэй байв. Мөн Хятадын цэвэр шаазан хөөрөг 100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Эмэгтэй хүн барихад яг таарах юм билээ. Тэнд хамгийн дээд тал нь 50 сая хүрэхээр ч хөөрөг байгаа гэсэн. Харамсалтай нь яг авах хүнд л тэр хөөргөө үзүүлэх юм гэнэ лээ. Эндээс хөөрөг сонирхож байгаа худалдан авагчид арай л зиндааных гэмээр харагдсан.

Өнөө том дарга нар дандаа том гүзээтэй байдаггүй юу. Яг л тийм хүмүүс хөлхиж байна билээ. Жинхэнэ чулуун хөөрөг үнэт эдлэл гэдгийг эндээс л харж болохоор байсан. Тэр дундаа уран нарийн хийцтэй бол үнэ нь “талийж” өгдөг юм байна. Бид тэндээс гарахдаа үнэт эдлэл худалдагчдаас хөөрөг хэдээр авахыг нь асуусан. Гэтэл “Хөөргийг чинь үзэж байж л болно. Гайгүй чулуун хөөрөг бол давгүй үнэ хүрнэ шүү” гэж байна лээ. Захаас гараад ганц нэг ломбардаар орж хөөрөг авах эсэхийг нь тандав. Зарим нэг том ломбардууд үзэж байж л хэдээр авахаа шийднэ гэнэ. Халтар, цагаан гээд мана, хаш хөөргийг хэдэн саяар ч авах тохиолдол байдаг юм байх. Ямар ч байсан үнэт чулуун хөөрөгтэй байхад тэвдсэн үед овоо үнэ хүргээд барьцаанд тавьчих юм билээ.

Хөөрөгний чулуу хаш, манаар хязгаарлагддаггүй “Нарантуул” зах, барьцаалдан зээлдүүлэх газраар хэсэг явсны дараа “Хүнсний 20”-ийн ойр хавиар байрлах үнэт эдлэлийн дэлгүүрээр хэсч, хөөрөг хийдэг дархан олохоор явав. Тийн хэсэг явсны эцэст Урт цагаан буюу Жуулчны гудамжинд байрлах “Хөөрөг” үнэт эдлэлийн дэлгүүрт очиж, дархантай уулзахаар боллоо. Биднийг очиход бага зэрэг завгүй байсан тул лангуун дээр нь өрөөстэй байгаа хөөрөгний үнэ өртөг, хийцийг нь сонирхлоо. Энэ дэлгүүрт зарагдаж байгаа хөөрөг бүгд тус газрын дархны бүтээл аж. Хамгийн багадаа 70 мянгаас 10 сая төгрөгийн үнэтэй аж. Цагаан хаш, халтар, шар мана, ягаан болор, гартаам гээд манай улсад байдаг бүхий л үнэт чулуугаар хөөрөг хийсэн ажээ. Мөн алт, мөнгөөр урласан хөөрөг ч байна. Тус дэлгүүрийн худалдагч бүсгүй “Хүмүүс хөөргийг зөвхөн хаш, манаар хийдэг юм шиг санаад байдаг. Тийм биш. Маш олон төрлийн чулуугаар хөөрөг хийдэг. Манайх 10-аад төрлийн чулуугаар хөөрөг хийж зардаг” гэж ярьсан юм. Жинхэнэ монгол дархны ур ухаан шингэсэн хөөргийг эндээс л олж болохоор байв. Ийн хөөрөг сонжиж дуусаад уран дархан Д.Пүрэвсүрэнтэй уулзаж, хөөргийг хэрхэн хийдэг, хөөрөглөх ёсны тухай цөөн хором ярилцлаа.

Д.Пүрэвсүрэн: Сая доллараар зарагдсан хөөрөг байдаг юм билээ

-Хөөрөг бол монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн эд өлгийн зүйл. Ямар учраас хөөрөг хэрэглэж ирсэн юм бол. Гоёлын гэдэг утгаар уу, эмчилгээний маягаар уу? 
-Хөөрөг Англи улсаас үүсэлтэй гэж ярьдаг юм билээ. Манай улсад хэдий үеэс хэрэглэж ирснийг сайн мэдэхгүй байна. Хөөрөгний чулуунд маш их учир бий. Чулуу болгон байгалийн энергийг шингээж, өөрийн гэсэн онцлогтой болдог. Эртнээс монголчууд хөөрөглөж тайвширдаг, бие биедээ гомдсон бол хөөргөө зөрүүлж гомдлоо тайлдаг байсан. Мөн хүндэтгэлээ хөөргөөр илэрхийлдэг байсан юм билээ. Мөн чулуунд хүний биеийг эмчлэх чадал шингэсэн байдаг. Чулуугаар хүнийг эмчилдэг, хараал хэл амыг хариулдаг байсан гэдэг. Ази тив тэр чигээрээ пийсүү, хашийг шүтдэг. Жижиг хэлтэрхийг нь зүүсэн байхад осолд ордоггүй гэж үздэг. Мөн эрт дээр үеэс хаад, ноёд хаш цагаан хөөрөг хэрэглэдэг байсан байгаа юм. Яагаад гэвэл хаш хүнд тайвшрал өгдөг, энерги, баяр баясал өгдөг учраас. Энэ маягаар өөрийн биеийн онцлогт таарсан чулууг хөөрөг болгож ашигладаг байж.

-Хөөргийг яаж хийдэг вэ, хэр хурдан хугацаанд хийх вэ? 
-Хөөрөгний ур хийц гэдэг маш чухал. Дээр цагт хөөргийг сайн хийлээ гэхэд жил, саар хийлээ гэхэд зургаан сар хийдэг байж. Шөнө хүртэл босч өө сэвийг нь засч, сэтгэлээ зориулж хийдэг байсан гэдэг. Хийж байгаа хүний зөв сэтгэл нь чулуунд шингэж байвал эдэлж байгаа хүндээ зөв энерги өгдөг гэдэг. Мөн нуух, толгой, халбагыг нарийн хийх хэрэгтэй. Толгой нуухны харьцааг сайн тохируулах болдог. Халбаг гэхэд л эрдэнийн зүйлээр бөөлжиж байгаа хулгана байх жишээний. Нэг талаараа бэлгэдлийн шинжтэй гэсэн үг. Хөөрөг хийх хугацаа янз бүр. Дотор талыг нь гадна тал шиг нь өнгөлж хийвэл 3-5 сар болдог. Зүгээр дундаж хөөргийг 14 хоногт хийнэ ээ.

-Хөөрөгний чулуугаа хаанаас авдаг вэ. Монголоос хэр олдох вэ? 
-Манай улс чинь чулуугаараа алдартай. Тэр дундаа мана, гартаамаараа гайхагддаг. Ихэвчлэн баруун аймгаас л чулуугаа авчирдаг. Машин чулуу авч ирэхэд 10 хөөрөгний чулуу гарах жишээний. Заримдаа ганцхан хөөрөгний чулуу гарах ч тохиолдол байна. Маш нарийн шалгаж байж хөөрөг хийдэг. Гэхдээ дэлхий ертөнц уудам учраас Африк, Америк, Бразил гээд улсуудад гайхамшигтай чулуу байдаг. Гэхдээ олдоц нь ховор. Хөөрөг хийгээд байгаа үнэт чулуунууд яаж үүссэн нь ч сонирхолтой. Эрт цагт гавал юүлэхэд тивүүд хоорондоо мөргөлдсөн. Тэр үед асар их дулаан ялгарч, чулуу үүссэн. Чулууг мөн хатуулгаар нь шинждэг. Хамгийн хатуу нь гэхэд очир алмааз. Түүний дараа эрдэнэсийн чулуунууд буюу пийсүү, хаш байх жишээтэй. Мана гэхэд л хатуу, зөөлөн байдаг. Хатуулаг нь их байх тусмаа сайн байдаг.

-Дээр үед хүмүүс хөөргийг эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан гэсэн. Одоо гангарах маягаар хэрэглээд байна уу? 
-Үнэтэй хөөрөг чинь тухайн хүнд баяр баясал, омогшил өгдөг. Сайхан хөөргөөр хүнтэй хөөрөглөнө гэдэг чинь омогшил биз дээ.

-Танайд хамгийн үнэтэй хөөрөг нь хэдэн төгрөг байна? 
-Хөөргийг үнэлнэ гэдэг хэцүү. Хийц, чулуунаасаа эхлээд хэн гэдэг хүн хэрэглэж байсан гэдгээсээ шалтгаалж үнэлдэг. Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Өндөр гэгээн Занабазарын барьж байсан хөөрөг бол асар үнэтэй шүү дээ. Мөн нутаг усны алдартай хүний барьж байсан хөөрөг, удам дамжсан хөөрөг бол их үнэтэй. Манайх хамгийн дээд тал нь 30 саяар хөөргөө зардаг.

-Таны сонсч байснаар хамгийн их өндөр үнэ хүрч байсан хөөрөг хэд хүрсэн бэ? 
-Олон сайхан хөөрөг байдаг. Их ч үнэд хүрсэн. Гэхдээ сайхан хөөргүүд Хятад руу их гарсан. Одоо ч худалдаж авч л байна. Зарим хөөрөг сая доллар хүрч байсан гэж сонссон юм байна. Тэр чинь хэр удсан, давтагдашгүй чанараасаа хамааралтай байдаг юм. Ер нь хүмүүс хөөрөг худалдаж авахдаа маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр дундаа өв дамжих эд зүйл гэдэг утгаар нь зөв энерги шингээх хэрэгтэй байдаг.

Н.Пунцагболд

Leave a comment

Filed under Uncategorized

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s