Category Archives: Uncategorized

Манзушир хутагтын хэрэглэж байсан хөөргийг барьж байгаа

“Гишүүний хобби” булангийнхаа зочноор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа.

-Таныг эртний эдлэл цуглуулах хоббитой гэж сонсон. Арвин цуглуулгатай юу?

-Би Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог. Заримыг нь цуглуулдаг. Өөрөө ч бас эдэлж хэрэглэдэг. Ер нь монголчуудын урлаж бүтээсэн зүйлд монгол хүний дотоод сэтгэл,” ур ухаан, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгаас гадна ур хийц нь дахин давтагдашгүй.

-Цуглуулгын тань хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

-Манай нутагт Цэцэгт Гомбо гэж алдартай уран хүн байсан. Хэнтийн “Таван хамарт” нэрээр нь халх даяар анддаггүй байсан юм билээ. Тэр хүний оёсон олон угалзтай гутлыг улсын баяр наадамд анх түрүүлсэн жилээсээ эхлэн өмссөн. Уг нь гоёлын хийцтэй боловч монгол наадмынхаа торгон ногоон дэвжээг хүндэтгэн барилдахдаа өмсдөг байлаа. Тэр хүний урласан хоёр гутлыг их олон жил өмссөн шүү.

-Одоо байгаа юу?

-Байлгүй яахав. Энэ гутлын хийц нь үнэхээр гайхалтай, дахин давтагдашгүй учраас би нандигнан хадгалдаг. Цэцэгт Гомбо гэдэг тэр уран хүн надад хэд хэдэн монгол гутал оёж өгсөн юм. Нэгийг нь өөрийнхөө багш Дамдинд мөн МУГЖ Г.Эрдэнэбат найздаа бас бэлэглэсэн. Тэд маань одоо ч гэсэн өмсдөг юм . билээ. Цэцэгт Гомбо гуай маш уран хүн байлаа. Ер нь манай Хэнтий аймаг чинь уран үйлчид, дархчуулаараа алдартай шүү дээ. Тожил хийц гэдгийн эзэн болсон дархан бий. Энэ хүний урласан мөнгөн тоногтой эмээл миний цуглуулгын нэг үнэтэй эд дээ.

-Манзушир хутагтын эдэлж байсан хөөрөг танд байдаг гэлүү?

-Манай нутгийн Гүрдорж гэдэг хүн надад 1980-аад оны дундуур шиг санаж байна, нэгэн цагаан хаш хөөрөг бэлэглэсэн. Тэр хүн намайг зорьж ирээд “Чамд энэ хөөргийг өгье” гээд Хэнтий нутгийнхаа нэрийг болон ахынхаа нэрийг гаргаж яваарай гэж захиж билээ. Мөн Манзушир хутагтын барьж байсан хөөргийг манай нутгийн Лувсан шийрэв гавж гэдэг нэртэй лам уламжлан авч хэрэглэж байсан гэсэн. Тэр хөөргийг сүүлд нь Ховд аймгийн харьяат Бямбадорж гэдэг хүн олж авсан юм билээ. Тухайн үед Монголын хамгийн толгой хөөрөг нь Бямбадоржийн цагаан гэж хүмүүс ярьдаг байсан. 1990-ээд оны эхээр Бямбадорж гуай надтай уулзан ахынх нь нас өндөр болж байна, энэ хөөргийг нутгийнх нь хүнд өгөх ёстой гэж бодлоо гэдэг юм байна. Би ч тэр их хүндэтгэлийг хүлээн авч Манзушир хутагтын хэрэглэж байсан хөөргийг авсан юм. Одоо ч энэ хөөргийг барьж байгаа даа.

Leave a comment

Filed under Uncategorized

О.Чулуунбат 200 саяын үнэтэй хөөрөг барьдаг

Монголбанк”-ны хэмээх тодотголтой УИХ-ын гишүүн О.Чулуунбат ховор нандин хөөрөгний цуглуулгаараа алдартай нэгэн. Түүнд Сайн ноён хан Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан өдгөө 200 саяар үнэлэгдэх шүрэн хөөрөгнөөс эхлээд Дондогдулам ахайтангийн барьж байсан хуруун чинээ жижигхэн мөнгөн хөөрөг зэрэг түүхийн үнэт бүтээл болох олон хөөрөг бий.

Харин Монгол дархдын ур ухаанаа харамгүй шингээж бүтээсэн 40-өөд үнэт хөөрөгтэй О.Чулуунбат нэртэй номч хүний зарлигдсанаар цуглуулгын хөөргөө цөөлж, заримыг нь ах дүү хамаатан садандаа тараасан гэнэ лээ. Тэрээр жил бүрийн цагаан сараар Сайн ноён хан Намнансүрэнгийн хөөргөөр амар мэндээ мэдэлцдэг гэсэн.

Leave a comment

Filed under Uncategorized

Хөөрөгний Үзэсгэлэн Юү Өгүүлэв

Дундговь аймгийн музей иргэдийн гар дээрх болон өөрийн сан хөмрөг дахь хөөрөгнүүдээр үзэсгэлэн гаргав. Аймгийн ахмадын хорооны дарга Ц.Дэлгэрбуян гэхэд л энд 5-6 хөөрөг дэлгэн үзүүллээ. Түүний эзэмшил дэх хөөргүүд 700 мянган төгрөгөөс  саяар үнэлэгдэх ч байна. Аймгийн музейн сан хөмрөг дэх оюу толгойтой уран сийлбэр бүхий шүрэн хөөргийг үнээрээ гүйцэх хөөрөг гарсангүй. Зөвхөн сайн шүрэн толгойн үнэ долоон сая төгрөг хүрч байгаа гэхээр их гарын цул шүрэн хөөрөг ямар үнэ хүрэхийг багцаалж болох биз.
Хөөрөгний олонхи төрөл бүрийн мана чулуун боловч хаш,  сүйжин, чүнчигноров, гартаам чулуу  ч хэд хэдээр байна. Бас дээр үеийн, одоо хэр яггүй үнэ хүрч байгаа луун хээтэй хятад шаазан хөөрөг ч байх юм.  Эрднийн эдгээр чулуу тус бүртээ “Эрдэмтэй”,  янз бүрийн өвчнийг анагаах ид шидийг  дорно дахины уламжлалт эмнэлэгт нэлээд ашигладаг. Ялангуяа гартаам, сүйжин хөөрөгний ачаар саа болон бусад төрлийн өвчнийг анагаасан тохиолдол олон. Гартаамыг өнгө, судал, олон давхар битүү цагирган судал бүхий нүдний тоогоор үнэлж “Есөн нүдтэй гартаам хөөрөг” гэж ярилцах нь бий. Энэ бол тун ховор л доо.
Хөөргийг гоёмсог хээ зүү ороосон үнэтэй  торгон даалинд хийж Монгол эрчүүд ташаандаа зүүдэг байв. Сүүлийн үед хээ урласан шир савхин, бүр шүр  сувдаар хээлсэн… гээд төрөл бүрийн даалингаар зарим нь гангардаг болжээ.
С.Пүрэвсүрэн

Leave a comment

Filed under Uncategorized

Хаш хөөрөг 80 сая төгрөгийн үнэтэй бай

Эртний эдлэл цуглуулагчдын холбооноос сар шинийн баярыг тохиолдуулан эртний эдлэлийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна. “Уран дархчуудын эртний болон орчин үеийн үнэт эдлэл, гоёл чимэглэлийн худалдаа” нэртэй үзэсгэлэн, худалдаанд хөөрөг, мөнгөн аяга, алтан аяга, монгол гутал, мөнгөн сав суулга, бурхан, хэт хутга, эмээл зэргийг дэлгэн тавьсан байв. Хөөрөг хамгийн олон сонголттой буюу хаш, мана, шүр, номин, гартааман 50 гаруй хөөрөг худалдаалж байсан. Үнийн хувьд чулуу, цаг хугацаа, ур хийцээсээ шалтгаалан 2-80 сая төгрөгийн үнэтэй ажээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаа Улаанбаатарын зах зээл дээр худалдаалагдаж байгаа хамгийн чанартай хөөрөгнүүдийг нэг дор цуглуулж байгаагаараа онцлогтой гэсэн.

Мөнгөн аяганы хувьд ихэнх нь “Хос бажраа” уран дархны газрын дархцуулын урласан аяга ажээ. Уламжлалт хийцээр, орчин үеийн дархцуулын хийсэн аяганы хамгийн үнэтэй нь таван сая төгрөг байсан. Харин хүрэн зандангийн үндсээр хийсэн, үндсэн идээний мөнгөн таваг 25 сая төгрөгөөр үнэлэгджээ. Хэдийгээр эртний эдлэл биш ч гэсэн эртний ур хийцийг дуурайлган хийсэн учраас үнэд хүрдэг ажээ. Мөн монгол дархны зэсэн дээр мөнгөөр товойлгон урласан сангийн бойпор 15 сая төгрөг гэсэн. Эртний эдлэл түүхийн баримт болж үлддэг. Уг үзэсгэлэнд Х.Чойбалсангийн Засгийн газрын үеийн буюу 1950-иад онд мянган малтай малчинд төрийн зүгээс дурсгадаг байсан “1000 мал” гэж мөнгөөр товойлгон бичсэн зэс сав, мөнгөн самбар, мөнгөөр урласан хонь байлаа. Үнэ нь 15 сая төгрөг хүрнэ гэв.

Уг үзэсгэлэнгийн санаачлагчдын нэг “Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо”-ны гишүүн А.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Үзэсгэлэнд түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйл бий юу?

-Түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйл байхгүй. Тэртээ 300 гаруй жилийн өмнө Хотгойдын шадар ван Чингүнжавын хүүд дурсгал болгон бэлэглэж байсан хүүхдийн хэт хутга байгаа. Уг хутгыг Хөвсгөл аймгийн Галт сумаас олж авсан. Хэт хутга монгол эрчүүдийн уламжлалт хэрэглээний нэг.

-Хөөрөгний хувьд хамгийн эртнийх нь ямар хөөрөг байна вэ?

-XVII, XVIII зууны үеийн хөөрөгнүүд байгаа. Ер нь энэ үеэс монголчуудын хөөрөгний хэрэглээ нэмэгдсэн юм билээ. Манай үзэсгэлэнд дээрх зууны үеийн хэд хэдэн хөөрөг худалдаалагдаж байна. Ер нь хамгийн сайн чулуутай, ур хийц сайтай хөөрөг бий. Хаш хөөрөг гэхэд маш цэвэрхэн, цагаан өнгөтэй, зураасгүй, хагаралгүй, толбо, цэггүй, дээр нь чулууны нягтрал сайтай байвал өндөр үнэ хүрдэг. Нуух, толгой үнэд нөлөөлөх ч гангараанд илүүтэй тооцогддог. Манан хөөрөг олон төрлийн өнгө агуулсан, чулууны өвөрмөц тогтоцтой байвал үнэтэй.

-Жанрайсиг бурхныг худалдахгүй гэсэн. Он цаг, ур хийцийг нь сонирхуулахгүй юу?

-Жанрайсиг бурхныг монголчууд эртнээс шүтэж ирсэн. Худалдахгүй ч гэлээ хүмүүст сонирхуулж байгаа энэ бурхан 1700-гаад оны үед урласан алтан шармал бурхан. Харин XVIII зууны үеийн Аюуш бурхныг худалдаж байгаа. Долнуур хийцийнх юм. Өвөр Монголын Долнуураас авчирсан, алтан шармал бурхныг 16 сая төгрөгөөр үнэлж байгаа.

-Эртний эдлэл хэр олдоцтой байдаг вэ. Мөн сонирхох хүмүүс элбэг үү?

-Олдоцын хувьд гайгүй боломжийн байдаг. Ер нь бараг элбэг талдаа шүү. Харин цуглуулж, сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хүмүүс мөнгөн аяга, хөөрөгнөөс бусдыг нь эдэлж хэрэглээд байхгүй ч гэртээ сувинер болгон тавихаар, цуглуулганыхаа тоог нэмэхээр худалдаж авдаг. Ер нь болсон болоогүй хуурамч сувинераас татгалзаж, нүнжигтэй эд сонирхогчид олон болсон байна лээ.

-Үзэсгэлэнгийн эхний өдөр худалдаа хийсэн үү. Хичнээн хүн сонирхоод байгаа вэ?

-Одоогоор 100-аад хүн үзэж сонирхсон. Хүмүүс хөөрөг, мөнгөн аяга худалдан авч байна.

Үзэсгэлэнд мөн монгол гутал, эмээл тавьсан байв. Эмээл нь XX зууны Дарьганга, Боржигон хийцтэй гэсэн. Харин монгол гутал нь 32 угалзтай, оймсны түрийг нь харлаг зүү ороож хатгасан, XIX зууны булигаараар урласан гутал ажээ. Энэхүү гутлыг жилд хоёрхон ширхгийг урладаг ба төрийн томчууд, том цолтой бөх нар захиалгаар хийлгэдэг гэсэн. Үнэ таван сая төгрөг гэж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Сэтгэгдэлүүд

Leave a comment

Filed under Uncategorized

“Нарантуул” зах дээр хамгийн үнэтэй хөөрөг 50 сая төгрөг байна

Монголын үндэсний баяр болох цагаан сар болоход хэдхэн хоног үлдээд байна. Хүн бүр цагаан сарын бэлтгэлээ базааж, бууз банш, боов боорцгоо цуглуулж байна. Зөвхөн идэж уух зүйлээс гадна гоёж гангарах, эдэлж хэрэглэх зүйлсээ цагаан сар дайруулж шинэчилдэг нь Монголын ёс болсон гэхэд болно. Тэр дэг ёсны салшгүй нэг хэсэг бол үнэтэй хөөрөг. Эрт дээр цагаас монголчууд хөөрөг зөрүүлж мэнд усаа мэдэлцдэг байсан.

Тэр ч бүү хэл монгол эрчүүд үе дамжин ирсэн үнэт чулуун хөөргийг өндөр үнээр худалдаж авч, гангараа болгон гайхуулж байсан тухай ч яриа байдаг. Харин социализмын үед хөөрөг хэнд ч хэрэггүй болж, хүүхдийн тоглоомоос хэтрэхгүй болох шахаж байсан гэдэг. Харин сүүлийн үед хүмүүс цагаан сар, наадмаар хөөрөг даалин хэрэглэж, монгол ёсоор мэнд мэдэлцэхийг эрмэлзэх болсон нь мэдрэгдэх болсон. Энэ жил хөөрөгний эрэлт хэрэгцээ бүр ч их байгаа сургаар манай сурвалжлах хэсэг хөөрөгний үнэ өртөг ямар байгааг сураглалаа. Хөөрөг аваарай, хөөрөг аваарай Хамгийн түрүүнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

Нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байдаг гэгддэг энэ их хөлийн газар хөөрөг төрөл бүрээрээ байх нь мэдээж шүү дээ. Тийм ч учраас “Нарантуул” эхний сонголт байсан юм. Захын зүүн хойд талын хаалгаар орж, цахилгаан барааны павильоны хажууд ирэх үед “хөөрөг даалингаа аваарай, хөөрөг аваарай” гэх зүсэн зүйлийн дуу хадаж байлаа. Бараг л наймаачин болгон нэг лангуу тавьж, төрөл бүрийн хөөрөг өржээ. Хүрэн, ногоон, цагаанаас эхлээд чулуун, шаазан, хуван, мөнгөн, том, жижиг гээд янз бүрээрээ өрөөстэй байна. Бүгд алт, мөнгөн нуухтай, шүрэн толгойтой харагдсан. Ирсэн зорилгоо биелүүлэхээр эхний лангуунаас л “Хөөрөг ямар үнэтэй байна” гэж асуутал “20-150 мянгын хооронд байна. Хамгийн том нь 150 мянган. Дунд зэргийн хөөрөг нь 80 мянга. Алийг нь авах гэсэн юм. Манай хөөрөгнүүд бүгдээрээ чулуу. Энэ хүрэн нь халтар мана” гээд л иж бүрнээр тайлбарлаж өглөө.

Бүгд л чулуун хөөрөг гэж амаа уралдуулж, магтах юм. Уг нь учир мэдэх хүмүүс алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг шаггүй үнэтэй байдаг гэж ярьдагсан. Гэтэл энд захын хүн худалдаад авчихмаар хямдхан байсанд нь бага зэрэг гайхаад цаашаа хэд хэдэн лангуунаас асууж үзэв. Бүгд л адилхан үнэтэй, адил хийцтэй юм байна. Өөр нэг лангуун дээр хув хөөрөгнүүд өрөөстэй байна аа. Таван настай хүүхэд л барьж болмоор жижиг хөөрөг даалинтайгаа 2500, арай томхон нь 4500 төгрөг гэж байна. Эндээс харахад хөөрөг хүүхдийн тоглоом болох шахсан юм шиг санагдсан. Өөр нэг лангуун дээр цав цагаан хөөрөг 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Зөөлөн чулуугаар хийсэн хөөрөг юм байх. Тэр лангууны худалдагчаас энд байгаа бүх лангуун дээр ядаж ганц чулуун хөөрөг байгаа эсэхийг битүүхэн тандлаа. Харамсалтай нь тэнд нэг ч жинхэнэ чулуун хөөрөг байхгүй гэнэ. Бүгд Хятадын дуураймал.

Бид ядаж ганц нэг чулуун хөөрөг байгаа болов уу гэж бодсон нь хол эндүүрэл байжээ. Хятадууд ч манайханд зориулж хийхгүй юмгүй болжээ. Одоо ч хөөрөг даалин, хамрын тамхитай нь худалдаж авахад 30 мянган төгрөг л байхад хангалттай болсон байна. Үгүй ээ, ёс төрөө бодож, тамхилах л зорилгоор хөөрөг хэрэглэх гэж байгаа бол тийм үнэтэй эдээр ч юугаа хийх вэ дээ. 500 мянга байна уу, 50 мянга байна уу, хөөрөг зөрүүлэх л юм хойно. Жинхэнэ чулуун хөөрөг үнэт эдлэлд тооцогдоно Ихэнх хүн бусадтай ёс төртэй мэндлэх, цагаан сарын ёсыг дагах гэж урд хөршийн бидэнд бэлдсэн хөөргийг худалдаж авахын оронд үнэт эдлэл хэрэглэх сонирхолтой цөөнгүй хүмүүс бий. Тэр дундаа жинхэнэ үнэт чулуугаар хийсэн шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай хөөрөг гэдэг эр хүний гайхуулж байх эдийн л нэг.

Тийм хөөрөг ч “Нарантуул” захад байна аа, бас. Цахилгаан барааны павильон доторх үнэт эдлэл борлуулагчдад л ховор ховор хөөрөг байдаг аж. Үүдээр нь ороод эхний лангуун дээр байгаа хөөргийг харахад Хятадын хулхи чулуун хөөрөгнөөс илт өөр болох нь анзаарагдаж байсан. Цагаан цамцан дээр алтан тольтой ширэн бүс зүүсэн бүдүүн эрээс хөөрөг хэдэн төгрөгөөр зарж байгааг асуухад 3.5 саяас дээшээ гэж ихэмсгээр хэлэв. Бид цааш нь лавшруулж, хамгийн үнэтэй нь хэд вэ гэвэл 25 саяд өгнө гэж байлаа. Тэр нь шүрэн толгойтой, алтан нуухтай, цагаан манан хөөрөг аж. Бусад лангуун дээр ч гэсэн хамгийн багадаа л 1.5 саяас дээш үнэтэй янз бүрийн чулуун хөөрөг өрөөстэй байв. Мөн Хятадын цэвэр шаазан хөөрөг 100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Эмэгтэй хүн барихад яг таарах юм билээ. Тэнд хамгийн дээд тал нь 50 сая хүрэхээр ч хөөрөг байгаа гэсэн. Харамсалтай нь яг авах хүнд л тэр хөөргөө үзүүлэх юм гэнэ лээ. Эндээс хөөрөг сонирхож байгаа худалдан авагчид арай л зиндааных гэмээр харагдсан.

Өнөө том дарга нар дандаа том гүзээтэй байдаггүй юу. Яг л тийм хүмүүс хөлхиж байна билээ. Жинхэнэ чулуун хөөрөг үнэт эдлэл гэдгийг эндээс л харж болохоор байсан. Тэр дундаа уран нарийн хийцтэй бол үнэ нь “талийж” өгдөг юм байна. Бид тэндээс гарахдаа үнэт эдлэл худалдагчдаас хөөрөг хэдээр авахыг нь асуусан. Гэтэл “Хөөргийг чинь үзэж байж л болно. Гайгүй чулуун хөөрөг бол давгүй үнэ хүрнэ шүү” гэж байна лээ. Захаас гараад ганц нэг ломбардаар орж хөөрөг авах эсэхийг нь тандав. Зарим нэг том ломбардууд үзэж байж л хэдээр авахаа шийднэ гэнэ. Халтар, цагаан гээд мана, хаш хөөргийг хэдэн саяар ч авах тохиолдол байдаг юм байх. Ямар ч байсан үнэт чулуун хөөрөгтэй байхад тэвдсэн үед овоо үнэ хүргээд барьцаанд тавьчих юм билээ.

Хөөрөгний чулуу хаш, манаар хязгаарлагддаггүй “Нарантуул” зах, барьцаалдан зээлдүүлэх газраар хэсэг явсны дараа “Хүнсний 20”-ийн ойр хавиар байрлах үнэт эдлэлийн дэлгүүрээр хэсч, хөөрөг хийдэг дархан олохоор явав. Тийн хэсэг явсны эцэст Урт цагаан буюу Жуулчны гудамжинд байрлах “Хөөрөг” үнэт эдлэлийн дэлгүүрт очиж, дархантай уулзахаар боллоо. Биднийг очиход бага зэрэг завгүй байсан тул лангуун дээр нь өрөөстэй байгаа хөөрөгний үнэ өртөг, хийцийг нь сонирхлоо. Энэ дэлгүүрт зарагдаж байгаа хөөрөг бүгд тус газрын дархны бүтээл аж. Хамгийн багадаа 70 мянгаас 10 сая төгрөгийн үнэтэй аж. Цагаан хаш, халтар, шар мана, ягаан болор, гартаам гээд манай улсад байдаг бүхий л үнэт чулуугаар хөөрөг хийсэн ажээ. Мөн алт, мөнгөөр урласан хөөрөг ч байна. Тус дэлгүүрийн худалдагч бүсгүй “Хүмүүс хөөргийг зөвхөн хаш, манаар хийдэг юм шиг санаад байдаг. Тийм биш. Маш олон төрлийн чулуугаар хөөрөг хийдэг. Манайх 10-аад төрлийн чулуугаар хөөрөг хийж зардаг” гэж ярьсан юм. Жинхэнэ монгол дархны ур ухаан шингэсэн хөөргийг эндээс л олж болохоор байв. Ийн хөөрөг сонжиж дуусаад уран дархан Д.Пүрэвсүрэнтэй уулзаж, хөөргийг хэрхэн хийдэг, хөөрөглөх ёсны тухай цөөн хором ярилцлаа.

Д.Пүрэвсүрэн: Сая доллараар зарагдсан хөөрөг байдаг юм билээ

-Хөөрөг бол монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн эд өлгийн зүйл. Ямар учраас хөөрөг хэрэглэж ирсэн юм бол. Гоёлын гэдэг утгаар уу, эмчилгээний маягаар уу? 
-Хөөрөг Англи улсаас үүсэлтэй гэж ярьдаг юм билээ. Манай улсад хэдий үеэс хэрэглэж ирснийг сайн мэдэхгүй байна. Хөөрөгний чулуунд маш их учир бий. Чулуу болгон байгалийн энергийг шингээж, өөрийн гэсэн онцлогтой болдог. Эртнээс монголчууд хөөрөглөж тайвширдаг, бие биедээ гомдсон бол хөөргөө зөрүүлж гомдлоо тайлдаг байсан. Мөн хүндэтгэлээ хөөргөөр илэрхийлдэг байсан юм билээ. Мөн чулуунд хүний биеийг эмчлэх чадал шингэсэн байдаг. Чулуугаар хүнийг эмчилдэг, хараал хэл амыг хариулдаг байсан гэдэг. Ази тив тэр чигээрээ пийсүү, хашийг шүтдэг. Жижиг хэлтэрхийг нь зүүсэн байхад осолд ордоггүй гэж үздэг. Мөн эрт дээр үеэс хаад, ноёд хаш цагаан хөөрөг хэрэглэдэг байсан байгаа юм. Яагаад гэвэл хаш хүнд тайвшрал өгдөг, энерги, баяр баясал өгдөг учраас. Энэ маягаар өөрийн биеийн онцлогт таарсан чулууг хөөрөг болгож ашигладаг байж.

-Хөөргийг яаж хийдэг вэ, хэр хурдан хугацаанд хийх вэ? 
-Хөөрөгний ур хийц гэдэг маш чухал. Дээр цагт хөөргийг сайн хийлээ гэхэд жил, саар хийлээ гэхэд зургаан сар хийдэг байж. Шөнө хүртэл босч өө сэвийг нь засч, сэтгэлээ зориулж хийдэг байсан гэдэг. Хийж байгаа хүний зөв сэтгэл нь чулуунд шингэж байвал эдэлж байгаа хүндээ зөв энерги өгдөг гэдэг. Мөн нуух, толгой, халбагыг нарийн хийх хэрэгтэй. Толгой нуухны харьцааг сайн тохируулах болдог. Халбаг гэхэд л эрдэнийн зүйлээр бөөлжиж байгаа хулгана байх жишээний. Нэг талаараа бэлгэдлийн шинжтэй гэсэн үг. Хөөрөг хийх хугацаа янз бүр. Дотор талыг нь гадна тал шиг нь өнгөлж хийвэл 3-5 сар болдог. Зүгээр дундаж хөөргийг 14 хоногт хийнэ ээ.

-Хөөрөгний чулуугаа хаанаас авдаг вэ. Монголоос хэр олдох вэ? 
-Манай улс чинь чулуугаараа алдартай. Тэр дундаа мана, гартаамаараа гайхагддаг. Ихэвчлэн баруун аймгаас л чулуугаа авчирдаг. Машин чулуу авч ирэхэд 10 хөөрөгний чулуу гарах жишээний. Заримдаа ганцхан хөөрөгний чулуу гарах ч тохиолдол байна. Маш нарийн шалгаж байж хөөрөг хийдэг. Гэхдээ дэлхий ертөнц уудам учраас Африк, Америк, Бразил гээд улсуудад гайхамшигтай чулуу байдаг. Гэхдээ олдоц нь ховор. Хөөрөг хийгээд байгаа үнэт чулуунууд яаж үүссэн нь ч сонирхолтой. Эрт цагт гавал юүлэхэд тивүүд хоорондоо мөргөлдсөн. Тэр үед асар их дулаан ялгарч, чулуу үүссэн. Чулууг мөн хатуулгаар нь шинждэг. Хамгийн хатуу нь гэхэд очир алмааз. Түүний дараа эрдэнэсийн чулуунууд буюу пийсүү, хаш байх жишээтэй. Мана гэхэд л хатуу, зөөлөн байдаг. Хатуулаг нь их байх тусмаа сайн байдаг.

-Дээр үед хүмүүс хөөргийг эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан гэсэн. Одоо гангарах маягаар хэрэглээд байна уу? 
-Үнэтэй хөөрөг чинь тухайн хүнд баяр баясал, омогшил өгдөг. Сайхан хөөргөөр хүнтэй хөөрөглөнө гэдэг чинь омогшил биз дээ.

-Танайд хамгийн үнэтэй хөөрөг нь хэдэн төгрөг байна? 
-Хөөргийг үнэлнэ гэдэг хэцүү. Хийц, чулуунаасаа эхлээд хэн гэдэг хүн хэрэглэж байсан гэдгээсээ шалтгаалж үнэлдэг. Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Өндөр гэгээн Занабазарын барьж байсан хөөрөг бол асар үнэтэй шүү дээ. Мөн нутаг усны алдартай хүний барьж байсан хөөрөг, удам дамжсан хөөрөг бол их үнэтэй. Манайх хамгийн дээд тал нь 30 саяар хөөргөө зардаг.

-Таны сонсч байснаар хамгийн их өндөр үнэ хүрч байсан хөөрөг хэд хүрсэн бэ? 
-Олон сайхан хөөрөг байдаг. Их ч үнэд хүрсэн. Гэхдээ сайхан хөөргүүд Хятад руу их гарсан. Одоо ч худалдаж авч л байна. Зарим хөөрөг сая доллар хүрч байсан гэж сонссон юм байна. Тэр чинь хэр удсан, давтагдашгүй чанараасаа хамааралтай байдаг юм. Ер нь хүмүүс хөөрөг худалдаж авахдаа маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр дундаа өв дамжих эд зүйл гэдэг утгаар нь зөв энерги шингээх хэрэгтэй байдаг.

Н.Пунцагболд

Leave a comment

Filed under Uncategorized

Г.ӨСӨХБАЯР АВАРГЫН ХАШ ХӨӨРӨГ ТҮРҮҮЛЛЭЭ

Г.ӨСӨХБАЯР АВАРГЫН ХАШ ХӨӨРӨГ ТҮРҮҮЛЛЭЭ

Монголын Цагаан сарын баярын өмнөхөн зохион байгуулдаг уламжлалт
“Эрдэнэт өв-2011” сайхан хөөргийн уралдаан Эрдэнэт хотод боллоо.
Энэ удаагийн уралдаанд Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын иргэд 89 хөөргөө уралдуулав.
Хаш хөөргийн төрөлд Монгол улсын гавьяат тамирчин, Далай аварга Г.Өсөхбаярын том гарын цагаан хаш хөөрөг чанар чансаагаараа түрүүлэв. Гартаам хөөргийн төрөлд иргэн Г.Батсайхан, чүнчигноров хөөргийн төрөлд “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад жолооч Ш.Гончиг, бусад төрөлд иргэн Б.Цэрэндуламын зааны ясан хөөрөг шалгарлаа.
Улаанбаатар хотын иргэн Т.Нямхүү шүр, мана хөөргүүдээрээ түрүүлсэн бол тусгай байрын шагналд иргэн Д.Бямбасүрэнгийн хөөрөг орлоо. Уралдааны шилдгийн шилдэг хөөргөөр “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолборын ажилтан Н.Бэхбаатарын болор хөөрөг түрүүлж батламж, 500 мянган төгрөгөөр шагнагдав.

“Эрдэнэт өв-2011” уралдааныг Монголын Эрдэнэт үнэт эдлэл сонирхогчдын холбоо зохион байгуулсан юм.

Тус төвийн тэргүүн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын хөгжил эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх: -Өнөө жилийн уралдаанд бусад аймаг хотоос үнэт эдлэл, хөөрөг сонирхогчид оролцсоноороо онцлог байлаа. Өнгөрсөн жил 60 шахам хөөрөг оролцож байлаа. Мөн нэг онцлог бол дайлан, хөөрөг, хөөрөгний толгойн үзэсгэлэн худалдаа боллоо гэв.

Л.Батаа

Leave a comment

Filed under Uncategorized

Эрчvvдийн гангараа хөөрөгний тухайд . . .

Барууны оронд эрчvvд нь бугуйндаа зvvсэн цаг, хөлдөө өмссөн гутлаараа гангарч зиндаархдаг. Нэг vгээр ингэж өөрийн имиджээ тогтоодог бол ази дорно дахиныхан бол өөр.
Тэд олон саяар vнэлэгдэх хөөргөөр гангардаг. Энэ нь нэг талаасаа соёлын унэтэй өв бөгөөд нөгөө талаасаа эрчуудийн гангараа, хобби нь болж.

Ардын хувьсгалын vед хөөрөг vнэгvйдэж хvvхдийн толоом мэт vзэгдэж байсан vе бий. Гэвч бидний монголчууд өөрсдийн гэсэн мэндчилгээний зан vйлтэй учир хөөрөг vе дамжин уламжлалаа хадгалсаар ирсэн билээ.

Англичууд анх хамрын тамхийг XVII зууны vеэс хэрэглэх болжээ. Тэр vед тамхины ургамал зөвхөн Америк тивд ургадаг байв. Хvмvvс хамрын тамхинд «дурлаж» эхлэхтэй зэрэгцээд хадгалах сав ч бий болсон аж. Баячууд уран дархчуудад захиалга өгч, тамхиныхаа савыг янз бvрийн чулуу, металлаар хийлгэх болжээ. Тун удалгvй англи, америкчуудын хэрэглээ болсон хамрын тамхи Хятадад нэвтэрч эхлэв. Энэ нь явсаар Манж Чин улсын vед Хятад болон Төвдөөр дамжин монголчуудын хэрэглээ болох нь тэр. Харин мөнөөх хадгалах сав нь Европ ЗУГИЙН хайрцагнаас нэлээд өөр, лонх хэлбэрт шилжсэн байна.

Хятадууд хөөргийг голдуу шаазан болон чулуу, мод, төмрөөр урлах нь элбэг байжээ. Харин монголчууд чулуун хөөрөгнөөс өөрийг хэрэглэх нь тун ховор. Мөн монгол хvн хөөрөгнийхөө толгойг эрхэмлэдэг бөгөөд тvvнийг шvрээр хийх нь бараг ёс болон тогтсон байна. Чулууны ухалт, сийлбэр зэргээрээ манай хөөрөг бусад орныхоос нэлээд өвөрмөц, ялгагдах онцлогтой болж чаджээ. Монгол хөөрөгний гол материал нь шvp, чунчигноров, мана, хаш, болор, гартаам зэрэг хагас vнэт болон ховор чулуу байдаг. Юуны тvрvvнд бид хагас vнэт болон ховор чулуугаа ялгаж сурах хэрэгтэй.

Энэ тухай мэдээллийг нийтлэлийн төгсгөлд өгvvлье.

Угтаа бол хөөргииг хийсэн материалаас илvv чухазvйл нь тvvний, хийц, чулууны байгалийн тогтоцыг маш гярхай ашиглаж чадсанд байдаг аж.
Хэдийгээр шvр, цагаан хаш зэрэг нь жингээсээ шалтгаалж тодорхой vнэд хvрдэг боловч тухайн дархан хэрхэн уран сэтгэж зурж, сийлснээр vнэлгээ нь хамаардаг гэнэ. өөрөөр хэлбэл, хөөргийг vнэт чулуу гэхээсээ урлагийн бvтээл хэмээн судлаачид дvгнэн хэлжээ. Харин хувиараа хөөрөг цуглуулагчид ихэвчлэн АНУ, Европын зарим орон, Япон, Хятад, Хонгконг, Тайваньд байдаг аж. Тvvнчлэн дэлхийн хөөрөг цуглуулагчдын vзэсгэлэн худалдаа явуулдаг уламжлал бий.

Хөөрөгний vнэ хаялцуулах худалдааг «Сотби», «Кристи» зэрэг томоохон компаниуд зохион байгуулж, тэдэнд зориулсан сэтгvvл хvртэл гаргаж байсан удаатай. Монголчууд хөөрөгний толгой өндөр байх тусмаа сайн гэж vэх бөгөөд ихэвчлэн шvрээр хийнэ. Сайн чанарын шvр нь ховор хаана ч гэсэн vнэ ихтэй байдаг болохоор толгой нь хөөрөгнөөсөө илvv vнэтэй байх нь элбэг. Сvvлийн жилvvдэд манайхны хийж буй хөөрөгний хийц, чанар ихээхэн сайжирсан. Хvмvvсийн дунд хуучны хөөрөг худалдан авахаасаа илvv шинээр хийлгэхийг илvvд vздэг болжээ. Ингээд хөөрөгний толгойг ихэвчлэн хийдэг шvрний тухай товч өгvvлье.

Шvp -Коралл
Шvр нь дулаан тэнгист их тархсан байдаг бөгөөд аварга том арлууд бий болгосон нь ч бий. Гоёл чимэглэлд зөвхөн Corallium rubrum хэмээх улаан ба улаан ягаан өнгөтэй шvрийг ихэвчлэн хэрэглэдэг. Далайн гvнд олноороо амьдрах жижигхэн полипууд нэгэн төрлийн шохойлог зvйлсийг ялгаруулах дарагдан vхсэн vедээ бөгөөд vvнээс нь мод хэлбэрийн шvрэн мөчрvvд бий болдог. Эдгээр нь 40см-с илvv урттай байдаггvй ба өргөн нь 4см-с тэр болгон хэтрэхгvй. Зөвхөн салаалсан тэр хэсэгт нь арай том хэсгvvд тааралдана. Шvрийн 85 хуртэлх хувь нь карбонад кальц байх ба маш бага хэмжээтэй конхиолиноос бvрдэнэ. Хатуулаг нь 3.75. Карбонат кальц их байдаг тул хvчил дусаахад буцалдаг. Гэхдээ энэтхэг,
хятадын хар шvрнvvд карбонад кальц агуулдаггvй юм байна. Шvр нь хамгийн эртний гоёл чимэглэлийн зvйлсийн нэг юм.

Германы нутагт орших Вильдшейрийн агуйгаас олдсон ягаан шvрээр хийсэн зуvлтийг манай эриний өмнөх 10-35 мянган жилийн өмнөх vед хамааруулдаг. Шvрээр хийсэн гоёлын зvйлс нь хоёр мянган жилийн турш моодноос гараагvй ч гэж хэлж болно. Yvнд хамаарагдахгvй улс орон гэж байхгvй биз ээ. Азийн орнуудад шvрийг аз жаргал авчирдаг хэмээн vздэг бөгөөд маш эртнээс төрөл бvрийн зvйлс хийсээр ирсэн. Монголчууд шvрийг эрт vеэс ээмэг, бөгж, бугуйвч, гэзэгний даруулга, зvvлт , хөөрөгний толгой зэрэгт өргөн хэрэглэж ирсэн бөгөөд эдvгээ ч сонирхсоор байна.
Европт хамгийн их vнэлэгддэг сайн чанарын улаан шvрийг газар дундын тэнгисээс олборлодог. Манай улсын хувьд цагаан өнгөтэй шvрийн бэсрэг ордыг өмнөговьд илрvvлж нөөцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг.
Олборлосон шvр нь өнгө муутай бvрсгэр байдаг ба гоё гялалзсан гадарга нь өнгөлснөөр л бий болно. Тэдгээр нь ихэвчлэн нvх сvв ихтэй, хагаралтай байдаг тул vзэмжийг нь сайжруулахын тулд өнгөт лав тосоор зvлгэх нь бий. Сайн чанарын шvр нь жигд өнгөтэй, ямар нэг хагаралгvй, толбо судалгvй байдаг. Монголчууд цагаан толботой, судалтайг сонирхох нь бий. Засч янзлаагvй сайн чанарын жинхэнэ шvр их ховор ба тийм ч учраас энэ нь тvvний vнэд нөлөөлнө. Хямд шvр тааралдвал их болгоомжтой байх ёстой бөгөөд болж өгвөл нэрд гарсан худалдааны байгууллагуудаас л авч байвал дээр.

Хөөрөгний vнэ цэнэ
Тvvхэн хөгжлийн эхэн vед хөөрөг дугуй хэлбэртэй байжээ. Энэ хэлбэр аажмаар өөрчлөгдөж өнөөдрийн байгаа хэлбэрт ирэв. Хөөргийг хийдэг арга өнөөдрийг хvртэл нууцлаг хэвээр байгаа. Чулууг усан өрмөөр засч хийдэг гэж ярьдаг. Харин vvнийг батласан хvн алга. Хатуу хэдий ч эв нь таарвал амархан хагарчихдаг энэ чулуугаар доторхи тамхи нь харагдахуйц нимгэн хөөрөг хийж байсан нь одоо ч гайхагдсан хэвээр байна. Орхон аймагт хөөрөгний уралдаан гэгч болж монголын нэртэй 10 хөөргийг тэндээс шалгаруулж, нэрлэсэн гэж дуулдсан.

Одоогоор олны ам дамжин ярьдгаар УИХ-ын гишvvн. Монгол Улсын дарханаврага Б.Бат-Эрдэнэд хаш цагаан хөөрөг бий. Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид бага хаадын vеийн хэрэглэж явсан хөөрөгний дайлан байдаг. Талийгаач Ш.Отгонбилэгийн хvнээс vнэлж авсан хөөрөг ослын vеэр хагарч гэмтэлгvй тэр чигээрээ олдсон. Тэр хөөрөг Монголын эртний, vнэтэй хөөргийн тоонд зvй ёсоор ордог аж. Намхан бөгөөд оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбага бvхий шvрэн толгойг том шvр орлох боллоо

Хөөргөнд толгой чухал
Хөөрөгний ерөнхий биед тохирсон толгой мөн л багагvй vнэтэй байдаг. Алтан нуухтай шvрэн толгой хамгийн vнэтэй нь. Дээхэн vед хийгдсэн хөөрөгний толгой намхан, оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбагатай байсан аж. Харин сvvлийн vед алтан нуух, халбагатай байхаас гадна хөөрөгний толгой өндөр, том байж vнэд хvрдэг болжээ. Нэг төгрөгийн гуулин зоосны хэмжээ бvхий диаметртэй, дээшээгээ нэг, хоёр цун өндөртэй байх жишээтэй. Тийм сайн шvрэн толгой одоогоос хоёр жилийн өмнө 3-5 саяар vнэлэгддэг байсан бол одоо 7 сая төгрөгт хvрчээ.

Баячуудын гоёл хаш хөөрөг
Vе vеийн баячууд цагаан өнгийн хөөрөг ихэвчлэн барьдаг байж. Энэ хаш хөөрөг бусад чулуунаас хатуулгаараа нэгдvгээрт ордог. Мөн тvvнийг байгаль дээрээс тэр бvр томоор нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь маш ховор.Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд vнэд хvрдэг байжээ. Хаш эдэлдэг хvний ясхугарч бэртдэггvй гэж ярьдаг. Мөн байгаа өнгөтэйгөө адил сайхан, гэгээлэг зvйлийг амьдралд дагуулж ирдэг гэж байсан.

Тиймээс дан хөөрөг ч гэлтгvй гаанс, хөөрөгний тээглvvрийг хашаар хийсэн байх нь олонтой. Сvvлийн vед хаш хөөргийг ихээр хийдэг болжээ.
Тэгэхдээ бvр оросоос оруулж ирдэг байсан юм байна. Шинэ цагийн хаш хөөрөг санасан хэмжээнд хvрч vнэлэгддэггvй. Хуучин хөөргийг шинээс нь амны хэлбэр, ёроол суурийн хийц зэргээр нь ялгаж болно. Шинэ цагийн хөөрөг нь гаднаасаа өөлөх аргагvй сайн ч дотор нь хийсэн тамхи ханандаа vлдэх нь элбэг байдаг. Энэ нь хортонтой болоод тэр аж. Харин хуучных нь гаднахтайгаа адил гөлгөр дотортой байдаг учир яах аргагvй vнэтэй бvтээл болж чадсан гэдэг юм билээ.

Шvрэн хөөрөг
Хаштай адил vнэтэйд тооцогдох хөөрөг бол шvрэн хөөрөг. Шvрээр голцуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Хуучны хийц бvхий шvрэн хөөргийг эртний эдлэлийн дэлгvvрт 10 орчим сая төгрөгөөр зарж байсан. Богд хааны хэрэглэж байсан гэх шvрэн хөөрөг УИХ-ын гишvvн Ц.Цэнгэлд байдаг гэж дуулсан. Vvгээр ч зогсохгvй хэд хэдэн шvрэн хөөрөг байдаг юм билээ. Эрхэм гишvvнд Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шvрэн тоногтой эмээл байдаг. Тэрээр шvрэн эдлэлийг эдэд тооцож тvvцийг цуглуулан нэг ёсондоо кайф авдаг хvн аж. Vнэтэй ховор аливаа чулуу нь хvн биед бәйнга сайнаар нөлөөлж эрvvлжих vйлчилгээ vзvvлж байдаг аж. Шvрэн эдлэл хэрэглэдэг хvний бамбай өвчилдөггvй юм байна.

Чvичигноров хөөрөг
Чvнчигноров нь дотроо улаан, ногоон, хvрэн гээд олон янз байдаг гэнэ. Хvний биед vvссэн элдэв яр шархыг энэ чvнчигноровоор эдгээдэг гэж ярилаа. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс vvссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгvй vхэх тохиолдол ч гарч байжээ. Энэ эмчлэгдэхгvй өвчинг жинхэнэ сайн чанарын чvнчигноров хөөргөөр эмчлэж болдог юм байна. Энэ бvгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ л аргаар эмчилдэг гэнэ лээ. Архангай аймгийн Хайрхан сумын баян Пvрэвдорж гэдэг хvний чvнчигноров хөөрөг хvv Данзанравжаад нь байдаг. Тэднийд одоо ч өвчнөө эдгээх гэсэн хvмvvс хөөргийг нь гуйж очдог хэвээр. Хэрэв хөөргийг нь унагааж, гэмтээвэл 10
сая төгрөг өгнө гэж хэлээд явсан хvн байдаг гэнэ лээ. Тэгэхээр хөөрөг зах зээлээ дагаад өөрөө vнэтэй болж байна.

Шил мэт сvvжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сvvж, vстэй сvvж, манатай сvvжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хvмvvс ихэвчлэн нvдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нvдний харааг сайжруулдаг болоод тэр аж.

Vнийн хувьд чамгvй vнэтэй.

Гартааман хөөрөгтнийг иргэд андахгvй
Энә хөөргийг барьдаг хvн хэзээ ч саа өвчин тусдаггvй гэж ярьдаг юм байна. Сааөвчний улмаас нvvрам, нь муруйсан хvмvvс гартаам хөөргөөр зөөлөн vрсээр эдгэдэг юм байна. Тиймээс хэн хэн гартааман хөөрөг хэрэглэдэг болохыг иргэд андахгvй мэддэг гэж байсан.

Мана хөөрөг
Харин мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг байдаг учраас энә чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Мана дотроо 20 гаруй төрөл байдаг.
Тэр дотроо усан, халтар, ногоон , замагт мөн өөр янз бvрийн чулууны элементvvд орсноос нь шалтгаалан гартаам мана гэдэг ч юм уу нэрийдэх болж. Харин манаар хийсэн хөөрөг нэг их vнэтэйд тооцогддоггvй.

Vнэт чулууны ангилал
Гоёл чимэглэлийн vнэт чулууг янз бvрийн шинж чанараар нь ангилдаг. Yvнд: хатуулаг шинж чанар, тунгалаг байдал, байгалийн тархац, зах зээлийн vнэ гэх мэт. Сvvлийн хоёр зуун жилд олон орны чулуу судлаачид гоёл чимэглэлийн чулууг нилээн олон удаа янз бvрээр ангилж байсан бөгөөд энэ ангилал нь шинэ орд нээх болон зах зээлийн эрэлт хэрэгцээний чиглэлийг даган өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. Зарим чулууг vнэт чулууны, заримдаа хагас vнэт чулууны ангилалд байрлуулдаг байв. «Vнэт чулуу», «өнгөт чулуу» гэх мэтийн хэллэгллvvдийг ч эрдэмтэд өөр өөрийнхөөрөө тайлбарлах нь бий.

Монгол улсын Засгын газрын 1997 оны 245 дугаар тогтоолоор vнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, ангиллыг багтаажээ. Эрдэнийн чулууг vнэт, хагас vнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний чулуу гэж дөрөв ангилжээ.

1. Vнэт чулуу:
1 .Доржпалам /алмаз/
2.Бадмаараг
3.Индраанил
4.Маргад
5 .Сувд

2. Хагас vнэт чулуу
1. Хувилгаан эрдэнэ
2. Улбар шар, ногоон, нил ягаан сапфир
3. Эрдэнийн гэрэлт чимэд
4. Эрдэнийн жадеит
5. Демантойд
6. Щпинель
7 Эрдэнийн опал
8. Усан биндэръяа
9. Молор
10. Родонит
11. Халтмар
12. Хризолит /перидот/
13. Циркон
14. Биндэрьяа
15. Кунцит 1 б. Оюу
17. Нил эрдэнэ
18. Пироп/анар-цэнт/
19. Альмандин/анар/
20. Саранчулуу
21. Хризопраз
22. Шаргал болор
23. Ягаан болор

3. Гоёл чимэглэлийн чулуу
1.Номин
2. Жадеит
3. Хаш
4. Ногоолин
5. Хув
6. Шvp
7. Усан болор
8. Утаат болор
9. Чароит
10. Мана, гартаам, чунчигноров
11. Амазонит
12. Vурийн туяа
13. Гематит
14. Обсидиан
15. Ундрам

4. өнгөлгөөний чулуу
1. Хас
2. Боржин
3. Чулуужсан мод
4. Гантиг
5. Лиственит
6. Галтуулын шил
7. Жонш
8. Баргилт

Leave a comment

Filed under Uncategorized

Р.Гончигдорж: Хамрын тамхи миний тайвшрал

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа. Баргийн юманд цухалдаад байдаггүй эрхэм гишүүн нилээд бухимдангуй сууна. Ширээн дээрээ сонин дэлгэчихэж. Бодвол хэргийн эзэн нь тэр бололтой.

  • …….. УИХ-д морь сонирхдог, бүр хоббитой гишүүд нэлээд байдаг.Таныг хөөрөг сонирхдог гэж мэдэхээс морины хоббитой гэж бодсонгүй.

Морины хобби хоёр янз л даа.Би өөрсдөө морь уядаг, уралдуулдаг Батхүү, Улаан нар шиг биш.Морь уях, уралдуулах хоббитой хүн би биш л дээ. Харин сайхан хөнгөн явдалтай морь уначихаад давхих дуртай.Хийморлог сайхан уяачдын уяагаар очиж, уралдахыг нь харж сэтгэл уярч, омогшиж явдаг.

 

  • Харин хөөргөнд бол яах аргагүй дурлана биз?
  • Хөөрөг миний хобби биш ээ, үнэхээр сайхан цуглуулгатай хүмүүс байдаг.Би хамрын тамхи татдаг л хүн.1990 онд Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгч болчихоод байх үед эцэг маань өөд болоод удаагүй байсан.Нутгийн өвгөд ийм хэл амтай ажил хийж байгаа хүн эцгийнхээ хэрэглэж байсан ямар нэг юмыг биендээ авч явбал зүгээр биз дээ гэж байсан.Ингээд л эцгийнхээ хөөргийг биедээ авч явдаг болсон доо.Ээж маань хамрын тамхи татдаг байсан, аав ч жаахан татдаг л байлаа.Би тэднийхээ тамхинаас хааяа татсаар хамрын тамхичин болсон хүн л дээ. Би хоёр хүүтэй.Эцэг маань надад хөөрөг үлдээсэн шиг хоёр хүүдээ хөөрөг өвлүлэх ёстой гэж боддог.
  • Хөөрөг бэлдчихсэн үү?
  • Тэдэндээ хоёр хаш хөөрөг бэлдсэн. Аавын багшийн хөөрөг гээд хаш хөөрөг бий. Бидний шүтээн хөөрөг.Дээд эцгийн минь үлдээсэн хөөрөгний толгой байдаг. Хөөрөг хэрэглэж сураагүй үедээ шалан дээр санаандгүй унагаад их биеийг нь хагалчихсан юм.Тэр хөөрөгнийхөө толгойд их бие тааруулаад авч явдаг.Хөөрөг миний хэрэглээ.Харин эцэг шигээ эцэг байх гэсэндээ хоёр хүүдээ хөөрөг бэлдсэн.
  • Байнга барьдаг хөөрөг чинь хаш уу?
  • Тийм ээ, хаш.
  • Хамрын тамхиа хаанаас авдаг вэ?
  • Дээхнэ үед хамрын тамхи ховор байлаа. Хамбуудаас л авна шүү дээ. Одоо элбэг болж дээ.Би Энэтхэгийн 41 дугаартай тамхи татдаг юм.
  • Хамрын тахи татдаг гишүүд УИХ-д байдаг. Хөөрөг зөрүүлэхэд хэдэн номерын тамхи байна гэдгийг нь шууд л мэдэх үү?
  • Мэдэлгүй яахав.
  • Тантай адил 41-ийг татдаг хүн бий юу?
  • Манай гишүүд бараг бүгд 41 дугаарын тамхи татдаг.Жинхэнэ тамхи л даа. Энэтхэгийн хар өнгөтэй тамхи, Германы гаатай тамхинуудыг “мэргэжлийн” тамхичны хувьд нэг их татахгүй.
  • Танд хөөрөг дүүрэн хамрын тамхи хэр уддаг вэ?
  • Бага гарын хаш хөөрөгнийх долоо хононо.Дүүрэн хийхгүй л дээ.Дүүрэн хийсэн хөөрөгнөөс тамхилахад асгараад байдаг юм.Сурталчилж тамхи татаарай гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ хамрын тамхи миний тайвшрал….

Эх сурвалж:

Leave a comment

Filed under Uncategorized

Дилав хутагтын хөөрөг “Эрэл”-ийн Эрдэнэбатад

Монгол түмний их шүтээн болсон, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Баашлуугийн Жамсранжавын нандигнаж явсан хөөрөг цагийн саалтаар он жил алгуурласаар Хөвсгөл нутгийн хүү, УИХ-ын гишүүн (2004 оны сонгуулийн) Бадарчийн Эрдэнэбатад уламжлагдан ирж хадгалагдсан нь сонин. Их хүний үнэт эдлэл хэр баргийн нэгэнд очдог ч юм биш. 1990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байх Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан (Өмнөговь аймгийн уугуул) Чойжамц ламтанг хүлээн авч Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг зууны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ” гэж онцлон хэлж байжээ. Энэ хоёр хөөрөг, даалин Монгол эх орондоо очоод буцаад хилийн дээс давах учиргүйг сануулжээ. Ингээд Д .Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд уг хөөргийг дуулсан томоохон эрхтэн дархтанууд өгнө үү хэмээн хүсэмжилсэн ч өгсөнгүй. Харин тэдгээрээс нүдэнд туссан аргагүй л найдвартай гэхээр идэрхэн эрийг сонгов. Тэр нь Хөвсгөл аймгийн уугуул, хуучнаар Далай Чойнхор вангийн харъяаных гэх Бадарчийн Эрдэнэбат. Түүнийг онцолж түүнд итгэл өгч түүхт шүрэн хөөрөг болоод хаш хөөргийг өвлүүлэн өгчээ. Харваас цоглог энэ эр л хөөрөг даалинг хадгална гэж итгэжээ. Дилав хутагт Б.Жамсранжав Засагт хан аймгийн Загдсамбарын хошуу, өдгөөгийн Нөмрөг сумын Ойгон нуурын орчим төржүхүй. Дилав хутагт төв орох насандаа (1887) Дээрхийн гэгээнтний алтан бумбанд нэр шингэж Дэмчиг (Дамчуг) бурхны бүрэлбаа, Дилав хутагтын хувилсан дүр мөн хэмээн тэр цагийн Норовванчин хийдэд шавилан суужээ. Тэрбээр тавтайдаа бандийн сахил авч, долоотойдоо равшун сахил, хорин тавтайдаа цорж, хорин ёстэйдээ Самади багш цол хүртжүхүй. Жамсранжав хутагт өмнөд хязгаар хийгээд Тагна Урианхайг илбэн тохижуулахад Хатанбаатар Магсаржавын цэргийн да ламаар явж байв. 1923 онд Улиастайн сайдаар тохоон томилогдон ажиллаж байв. Хутагт тухайн үеийн төрийн бодлогыг дэмжиж, улсын чанартай олон байгууллага салбарт өөрийн хөрөнгөнөөс хандив өгч байв. 1931 онд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хилийн чанадад гарчээ. Хятадад байхдаа Чан Кай Ши-н дэргэд зургаан жил зөвлөх хийхдээ Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимортой хамтран ажиллаж байв. 1961 онд Америкт байхад нь Монгол улс НҮБ-ын гишүүнээр элсэхэд туйлын ихээр баярлаж, НҮБ-ын тэнгэрт мандсан алтан соёмбот Монголын далбааг ширтэн харж байв. Тэгэхэд Монголдоо буцаж очихсон гэдэг сэтгэл хөдөлж байв. Цагийн байдал зөөлөрч, наашилсан ч ирэхийг төдий л төвдсөнгүй. Гэвч НҮБ-д суусан Монголын байнгын төлөөлөгчтэй уулзаж, олон жил нутаг сэлгэн амьдарч байхдаа бие сэтгэлийн зовлонг цадталаа амсч бас ч харь орондоо зураг төөргийн хувь заяагаар хийж бүтээснээ ярьж, дотор сэтгэлээ цэлмээн онгойлгож байлаа. Тэрбээр 1965 онд 82 насандаа жанч халав. Их хутагтын нэгэн адил нэр цуутай нэгэн бол Хөндлөн ноён, Далай Чойнхор ван гэж бий. Хангайн нурууны салбар газар сүрлэг нэгэн хөшөө бий. Энэ 200 гаруй жилийн түүхтэй, Далай Чойнхор вангийн хошууны Хөндлөн ноёны хөшөө тэр ажээ. Тэрхүү ноёны отго жинс өдгөө мөнөөхөн цоглог хүдэр эр Бадарчийн Эрдэнэбатад бий гэнэ. Хөндлөн ноёны отго жинс Далай Чойнхор вангийн сүүлчийн дүр ноён Цэдэнсодномоос уламжлан ургийн хүндээ хүрчээ. XX зууны эхээр амьдарч байсан сүүлийн ноён Цэдэнсодном өгөх хүндээ ч юмаа харамгүй өгдөг нэгэн байжээ. Нэг жишээг хэлэхэд шарын шир цуу татаж байсан босоо Шагдар гэгч бөхөд хайртай өндөр хээр морио амласан ёсоор өгчихөж байжээ. Далай Чойнхор ван өдгөө амьд сэрүүнсэн бол ургийнхаа Хөндлөн ноёны отгон жинсийг итгэлтэй нэгэнд өгч хадгалуулах байх даа. Гэвч тэр отго жинс уламжилсаар мөнөөхөн азтай эр Б.Эрдэнэбатад ногджээ.

Leave a comment

Filed under Uncategorized

Монгол хөөрөг

huurugХөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүр үзэж байна. Дэлхийн улс орнуудад хөөрөг хэрэглэх ёс заншилд ялгаатай зүйлүүд нилээд бий. Ялангуяа хөөрөг хэрэглэж ирсэн Монгол ёс заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгож байгаа юм. Хөөрөг бол урлаг, соёл, зан заншил, өв, үнэт эдлэл гэсэн олон ойлголтуудын нэгдэл юм. Хөөргийг нэг талаас чулуугаар хийсэн урлагийн бүтээлийн оргил ч гэж хэлэх нь бий. Учир юунд гэвэл хөөрөг хийхэд бөх бат, гоё ганган хээ хуар бүхий чулууг эрж хайж сонгодог. Тийм ч учраас хөөрөгний үнэ цэнэ нь чулуу сонголт, нарийн хийцээс хамаарч өөр хоорондоо үлэмж ялгаа үүсгэдэг. Монголчууд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу номин, болор, зэрэг олон чулуугаар эртнээс хөөрөг хийж ирсэн билээ. Бидний хэрэглэж ирсэн Монгол хөөрөгний хийцний тухайд авч үзвэл Манж, Хятад, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг тодорхойлох нь хэн хүний чадах зүйл биш бөгөөд энэ сэдвээр нилээд сайн мэргэшсэн судлаач, цуглуулагчдын ажил юм.

Монголчууд хэзээнээсээ хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгч ирсэн. Хөөрөгний толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаан хүрэн, одтой байвал илүү сайн гэж үздэг. Энэ нь дэлхий дахинд шүрийг үнэлэх үнэлгээтэй таарч байдаг. Сүүлийн үед хөөрөгний толгойг аль болох өндөр, ойролцоогоор амны диаметртэй тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг болоод байгаа. Гэтэл XVIII, XIX зууны үед хийгдсэн хөөрөгний толгой ихэвчлэн хөөрөгний амны диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байсан билээ. XX, XXI зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц нь давамгайлсан байна. Түүнээс үүдэж орчин үед хуучин хөөргөнд өндөр толгой тавих нь түгээмэл болсон байна. Хөөрөгний хийцийн тухайд авч үзвэл XVIII, XIX зуунд оргил үедээ байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн хөөрөгний үнэ дэлхийн болон Монголын зах зээл дээр давамгайлж байна. Энэ цаг үед дотортой хөөрөг цөөнгүй хийгдэж байжээ. Дотортой хөөрөг гэдэг нь хөөрөгний дотор талын өнгөлгөө яг гадна талтайгаа адилхан өөгүй гөлгөр байхыг хэлдэг. Хөөргийг ийнхүү доторлож байсан нууц одоогийн дархчуудад өвлөгдөж үлдээгүй юм. Мөн хөөрөгний дотрыг яг ижил хэмтэй нимгэн ухдаг. Ямар ч багаж хүрэх боломжгүй хэсэгт ч адилхан ухдаг чулууны хийцийн урлаг харамсалтай нь мөн өнөөгийн дархчуудад өвлөгдөж ирээгүй байна. Хөөрөг цуглуулагчдын анхдагч зорилго нь түүнийг урлагийн үнэт бүтээл болохынх нь хувьд Цуглуулдаг бөгөөд дэлхийн олон оронд хөөрөг цуглуулагчдын холбоо байдаг, хөөрөг цуглуулагчдын тоогоор Хятад, Тайвань, АНУ-ын цуглуулагчид давамгайлж байна. Гадаадын цуглуулагчид төдийлөн хөөрөгний толгойд анхаарал тавьдаггүй. Тэдний хувьд хөөрөгний толгой ямар байх нь ихэнхдээ хөөрөгний үнэнд нөлөөлдөггүй. Тэд хөөргийг цуглуулахдаа юуны өмнө хөөрөгний нарийн хийц, чулууны өнгөний зохицол, хоёр буюу түүнээс дэзш өнгийг гаргасан байгалийн тогтоц, мөн түүнийг ашиглаж хийсэн сийлбэр, хөөргөн дээр үлдээсэн бичээс, тамга, тэмдэг зэргийг илүүтэй анхаарч ирсэн юм. Хөөрөгний үнэнд нөлөөлөх нэг хүчин зүйл бол чулууны өнгө байдаг. Тухайлбал хар, цагаан хаш, шүр, пийсүү хөөрөгнүүд өнгөнөөсөө хамаарч үнэ нь 10-20 саяар хэлбэлзэх явдал түгээмэл тохиолддог. Жишээ нь яг ижил хэмжээтэй, ижил настай 2 цагаан хаш хөөрөг байхад өнгөнөөсөө хамаарч нэг нь 2 саяар үнэлэгдэж байхад нөгөөдөх нь 25 саяар үнэлэгдэх тохиолдол түгээмэл. Олон улсын зах зээл дээр пийсүү хөөрөг үлэмж үнэ хүрдэг, гэхдээ пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх бөгөөд ногоон пийсүү нь 12 өнгөтэй байна. Өөрөөр хэлбэл 12 өнгийн ногоон байх бөгөөд түүнээс зөвхөн нэг ногоон өнгө нь асар их үнэ хүрдэг. Олон улсын дуудлага худалдаан дээр өнгөний бүх шаардлага, чулууны чанар хангасан нэгэн ногоон пийсүү хөөрөг 150 мянган америк долларын үнэ хүрч байсан удаатай юм. Монголчуудын тухайд хөөрөг нь мэндлэх хүндлэх ёсны хэрэглэгдэхүүн болж ирсэн. Хөөрөг зөрүүлэх тогтсон олон ёс заншил байдгийг бид бүгд бэлхнээ мэдэх билээ. Мөн түүнчлэн хөөрөг бол ихэнхдээ өв залгамжлан үлддэг эд хогшил, энэ утгаараа өрх гэрийн нэрийн хуудас болж явсан удаатай. Хөөргөөр нь тэдний хүүхэд байна гэх, хөөргөөр нь тэр ноёны элч болохыг таних тохиолдлууд байсан билээ. Хөөрөгний энэ мэт олон заншлаас улбаалж Монголчуудад хөөрөгний хэрэглээ сүүлийн жилүүдэд улам сэргэж, улмаар үнэ цэнэтэй хөөрөг хэрэглэх, хийлгэх явдал түгээмэл болсон байна. Монголын шилдэг хөөрөгний энэхүү каталогит Монголын төдийгүй олон улсын хөөрөг судлаачид, цуглуулагчдын шалгуур даах тийм хэмжээний хөөргүүдийг орууллаа. Мэдээж улс орон уудам, ард түмэн баян болохоор бүх шилдэг хөөрөг орсон гэж хэлж чадахгүй ч Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны сүүлийн 10 жилийн судалгаагаар аргагүй анхаарал татсан гол хөөрөгнүүд энэхүү каталогит багтсан болохыг тэмдэглэхэд нэн таатай байна. Хөөргөөр дамжуулж соёл иргэншил, занзаншил, урлаг, чулууны үнэ цэнэ, байгалийн бүтээлийн хосгүй шинж, уран дарханы тайлагдашгүй ур чадвар зэрэг олон зүйлийг ойлгож мэдэх боломжтой бөлгөө. Эцэг өвгөдөөс өвлөгдөж үлдсэн урлагийн нандин бүтээл бүхнээ хайрлан хамгаалж, эх Монгол оронд нь байлгахыг та бүхнээс эрхэмлэн хүсье. Хөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүр үзэж байна. Дэлхийнулс орнуудад хөөрөг хэрэглэх ёс заншилд ялгаатай зүйлүүд нилээд бий. Ялангуяа хөөрөг хэрэглэж ирсэн Монгол ёс заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгож байгаа юм.

Эх сурвалж: http://www.asuu.mn/print/bookdetail.php?bookid=0910190072

Нийтлэгдэж байсан огноо: 2010 оны 05 сарын 19 өдөр

Leave a comment

Filed under Uncategorized